Хэмжээлшгүй их эрх чөлөөг өөртөө бий болгож, хөх тэнгэрт дүүлэн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид бол шүхэрчин аврагчид. Хүн бүрийн мөрөөдөл болсон тэрхүү мэдрэмжийг тэдний зориг, ур чадвар “гоёж”, бусдын төлөөх сэтгэл “сүлдэг” онцлогтой. Энгийн хэрнээ эгэлгүй тэдний төлөөлөл хошууч Дэмиддагвын Батсүмбэр “Nematimes” булангийн өнөөдрийн зочин. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагчаар ажиллаж байна.
-Миний бие Дорнод аймгийн Халхгол суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Урлагт их дуртай, өөрийн хэмжээнд дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байлаа. Аймагтаа долдугаар анги хүртлээ суралцаад наймдугаар ангиасаа нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуульд шилжин ирж, арван жилийн сургуулиа дүүргэсэн. Улмаар 2004-2008 онд “Цахим” дээд сургуульд суралцаж, компьютер техник хангамж мэргэжил эзэмшсэн ч аав, ээжийнхээ зөвлөснөөр 2009 онд Онцгой байдлын албанд ажиллах болсноос хойш өдгөө 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Энэ хугацаанд 2009-2012 онд тухайн үеийн Аврах тусгай ангид /одоогийн Үндэсний аврах бригад/ шүхэрчин-аврагч, 2012 онд тус ангид нисэх төхөөрөмжийн бүлэг байгуулагдсанаар нисэх төхөөрөмжийн техникчээр томилогдон, офицер болсон. Мөн 2015-2022 он хүртэл тус бүлгийн даргаар ажиллаж байгаад 2022 онд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдахад салбарын захирагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

- Гадаад, дотоодын тэмцээн уралдаан, үйлдвэрлэлийн буулт, дадлага сургууль болон үзүүлэх тоглолт гээд шүхрийн 521 удаагийн буулттай. Шүхэрчин-аврагч байхдаа гамшиг, осол болон ой, хээрийн түймрийн голомтод хүн, техник хэрэгсэл хүрэх боломжгүй нөхцөлд өөрсдийгөө болон шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүсийг хүргэх үүргийг гүйцэтгэдэг байлаа. Шувуу мэт нисэж үзэх мөрөөдлөө биелүүлж, хүн бүрийн хараад байдаггүй өнцгөөс эх дэлхийгээ харах ховорхон завшааны эзэд бол шүхэрчид гэж боддог.
-Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги 2022 оны дөрөвдүгээр сарын 21-нд анхны дуудлагаа хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 147 удаагийн дуудлагаар 200 иргэнийг тээвэрлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, амь насыг авран хамгаалсан байна. Харин миний хувьд 2022 оны тавдугаар сард Дундговь аймагт болсон зам тээврийн ослын газраас нэг нэрвэгдэгчийг Улаанбаатар хот руу тээвэрлэж хүргэснээс хойш Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгуудаас усанд осолдсон дөрвөн буцалтгүй нэрвэгдэгч, таван өвчтөн тээвэрлэн ирэх нислэгийн ажиллагаанд оролцсон. Нислэгийн ажиллагаанд оролцохоос гадна салбарын алба хаагчдаа удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг гүйцэтгэдэг.

-Монгол Улсад нисдэг тэрэгтэй аврах ажиллагаа явуулах мэргэжлийн аврагч болон эмч нарын бүрэлдэхүүн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид үүрэг гүйцэтгэдэг. Өндөр хийц, уул, хад, үер зэрэг бүх гамшиг, ослын голомтод нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлж, дараагийн шатны байгууллагад хүлээлгэн өгдөг үүрэгтэй. Мөн олон улсын сургалт, дадлага, тэмцээн уралдаанд тогтмол оролцоно. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах чиглэлээр хийгдсэн гэрээний хүрээнд хоёр жил тутамд болдог дадлага сургуульд 2014 оноос хойш тасралтгүй оролцож байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын дадлага сургууль, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцож, албаа сурталчлах, ажил, үүргийн онцлогоо харуулсан үзүүлэх тоглолтуудыг сонирхуулдаг.

-Манайх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Шүхрийн спортын дэд мастер. Мөн гар бөмбөг, ширээний теннис гээд бүх төрлийн спортын “хорхойтон”. Онцгой байдлын алба бол бусдыг хайрлах, энэрэх, туслахад сургадаг. Ийм л утга учрыг мэдрүүлдэг болохоор алба маань миний бахархал. Би анх “БҮТНЭ ЭЭ БҮТНЭ” гэж хэлд орж байсан гэсэн. Аливаа нэг асуудал тулгарахаар энэ үг л аманд ороод ирдэг. Хичээвэл болохгүй зүйл байдаггүй шүү дээ. Энэ албаны түүх болсон үе, үеийн ахмадууд, залгамж халаа нь болж түүчээлж яваа нийт алба хаагчдадаа авран хамгаалах их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
2025/01/22
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/01/22
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/01/22
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.