С.Жавзандулам: Зорилго байгаа газарт мөрөөдөл биелдэг юм

A- A A+

Аливаа байгууллагын өнгө төрх алба хаагчдын мэдлэг, ур чадвараас гадна хандлагаар тодорхойлогдож байдаг. Өөрийгөө дайчилдаг, хичээдэг, хүн бүртэй инээмсэглэн мэндэлдэг гээд ажлаа чимж байдаг хувь хүний сайн мөн чанарыг тоочоод байвал олон. Ийм л зан чанарыг өөртөө агуулсан нэгэн зочныг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Түүнийг Сумьяагийн Жавзандулам гэдэг. Тэрбээр НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгчийн албан тушаалыг хашиж байна.

-Би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрж, өссөн. Улмаар сумынхаа 10 жилийн сургуулийг 1986-1996 онд дүүргэж, 1996-2000 онд тухайн үеийн Улсын багшийн их сургуульд /одоогийн МУБИС/ түүх-нийгмийн багш мэргэжил эзэмшсэн. Айлын зургаа дахь хүүхэд. Аав маань Төвшрүүлэх сумын 10 жилийн сургуульд мужаан, ээж маань лаборантоор ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан.  Миний аав нутаг усандаа уран Сумьяа гэж алдаршсан. Хийсэн бүтээл нь орон нутгийн байгууллага, айл бүрт л байдаг. Танай аавын хийсэн, ээжийн чинь урласан бүтээл гээд л үзүүлдэг юм. Аав, ээжээсээ ажилсаг, аливаа зүйлд үнэнч сэтгэлээр ханддаг, сайхан сэтгэлтэй байхыг үлгэрлэсэн.

-Сургуулиа төгсдөг жил ах, эгч хоёр анх Онцгой байдлын албанд ажиллавал ямар вэ гэж зөвлөж байсан. Тухайн үедээ сургуулиасаа ажиллах санал авчихсан байлаа. Цол, мөрдэстэй гэхээс илүүтэй хүний төлөө гэсэн чин сэтгэл нь намайг энэ албанд ажиллах шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Хүсэлтээ өгч, шалгаруулалтад тэнцээд 2001 оны зургадугаар сарын 20-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар томилогдож, 16 жил тасралтгүй ажиллаад 2016 оноос хойш өнөөг хүртэл бичиг хэрэг, архивын эрхлэгчээр үүрэг гүйцэтгэж байна. Тухайн үед энэ орон тоо батлагдаж, анхдагчийн нэг болсондоо талархалтай байдаг. Тангараг өргөөд 23 жил болсон байна.

-Аливаа байгууллагын үнэт зүйл, ажилдаа хандах хандлагыг ирж байгаа баримт бичгээр дүгнэж болдог. Хариуцлагатай байна уу, хайнга ханддаг юм уу, дүрэм, журмаа мөрддөг үү, хяналттай юу гэдэг нь тодорхой харагддаг. Тийм учраас байгууллагынхаа нэрийн хуудас болсон баримт бичигт маш сайн анхаардаг. Мөн цаг хугацаатай үүрэг даалгавар, баримт бичгүүдийн биелэлтийн тайлан, мэдээний хугацаа хоцроохгүй байхад тогтмол анхаарч, хяналт тавьж, холбогдох алба хаагчдад тухай бүр мэдэгдэнэ. Өөртөө ч мөн зорилт тавьж ажиллана. Энэ улиралд бичгийн хугацаа хоцроосон тохиолдол гаргахгүй байх гэх жишээний. Байгууллагын үйл ажиллагааг баримтжуулан үлдээх нь нийт алба хаагчдад хамааралтай учраас албан тушаалтан бүртэй хамтран ажилладаг онцлогтой.

-Багахангай дүүрэг 1300 орчим өрхийн 4422 хүн амтай, 31 мянган толгой малтай. Төмөр зам, босоо тэнхлэгийн улсын чанартай А0101 дугаартай авто замтай. Нисэх онгоц бууж, хөөрөх зурвас талбайтай.  Мөн Төв аймгийн Баян, Баянжаргалан, Сэргэлэн сумтай хил залгаа оршдог учраас дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гамшиг, ослоос гадна хил залгаа гурван суманд хүрч үйлчилдэг гэдгээрээ бусад дүүргээс онцлогтой. Зам тээврийн осол, автомашинтайгаа цасанд суусан, төөрсөн гээд бүх төрлийн дуудлага бүртгэгддэг.

-Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын санаачилгаар “Ахлагчийн зөвлөл”-ийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар томилоход анхны гишүүний нэг болсон. Зөвлөлийн ажиллах журмыг боловсруулан баталгаажуулахад гар бие оролцож, ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудал, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилго, зорилттойгоор ажлын гараагаа эхлүүлж байснаараа бахархдаг. Мөн хэлтсийнхээ Ёс зүйн хорооны гишүүнээр сонгогдсон. Онцгой байдлын албанд 23 жил ажиллах хугацаандаа дүүргийн хэлтсийн “Шилдэг ажилтан”-аар гурван удаа, НОБГ-ын “Шилдэг бичиг хэргийн ажилтнаар” гурван удаа, 2023 онд дүүргийн “Шилдэг төрийн байгууллагын ажилтан”-аар шалгарсан бол Монгол Цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Шилдэг гэр бүл”-ээр шалгарч байлаа.

-Миний ханийг Т.Ичиннноров гэдэг. Онцгой байдлын албанд ажиллаж байгаад 2022 онд цэргийн гавьяаныхаа амралтад гарсан. Том охин И.Наранзул XII анги, дунд охин И.Номинзул VIII  анги,  бага охин И.Намуунзул I ангид суралцдаг.  Гэр бүлээрээ аялах дуртай. Гэр бүлээрээ амралтаараа аль болох л аялахыг, байгальтайгаа ойр байхыг, үзэсгэлэнт газруудыг харах сонирхолтой байдаг. Хийх ёстой ажлынхаа чухал хэсгийг ажлын найман цагийн таван цагт нь дуусгаад, үлдсэн хугацаанд бусад ажлаа амжуулахыг хичээдэг. Өмнөх өдрөө ажлаа төлөвлөх нь ямар нэгэн ажлыг хоцроохгүй байх, үр бүтээлтэй байхад тусалдаг.

- Зорилго байгаа газарт мөрөөдөл биелдэг юм. Тухайн цаг үедээ тохирсон арга, техникээр харилцаагаа эергээр авч үлдэх нь ажил, амьдралын гол хүчин зүйл болоод байна.  Жишээлбэл, манай нэг алба хаагч харуулын цаг дээрээ япон хэл сурдаг байлаа. Жилийн дараа хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр гадаад руу сургалтад явсан. Аливаа зүйлд шантралгүй өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэвэл бүх зүйл болдог гэдгийн жишээ гэж боддог.  Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа та бүхний минь зорилго бүхэн биелэх болтугай.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.