Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18...+23 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, +24...+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Гал түймэр:
Завхан аймаг, Тосонцэнгэл сум Дархан-Уул байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х4 метрийн хэмжээтэй граж, 10х6 метрийн хэмжээтэй мужааны байрны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхан баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 23:34 цагт хүлээн авсан./23:36 цагт/ Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 36 дугаар хорооны “Задгай”-д /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн "Приус-20" загварын суудлын автомашин, иргэн Н-ийн "Ланд крузер-78" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Приус-20" загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 08.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн "Орхон Сэлэнгийн бэлчир" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т/ “Сэлэнгэ” мөриний эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/19
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/08/19
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/08/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ