Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Гал түймэр:
- Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 390 км, сумын төвөөс урд зүгт 70 км, Шивээхүрэн боомтоос хойд зүгт 21 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 08.07-ны өдрийн 02:05 цагт хүлээн авсан. “МАК” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд, “Өсөх зоос” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд 35 км замыг туулан 03:20 цагт очиход “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүрийн 12 ширхэг дугуй, 95 тонн нүүрс шатаж байсныг 10:09 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг тус автомашины жолооч Ч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 1 дүгээр багийн “Саятан” хороололд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 11:54 цагт очиход иргэн Б-ын “Hyundai Sonata” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
- Өвөрхангай аймаг, Хужирт сум. Бэрх 3 дугаар багийн “Өвөр бүүрэг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан 16:30 цагт очиход Өвөрхангай аймгийн Хужирт сумаас “Араг бүүрэг” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Toyota Probox” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Өвөрхангай аймаг, Арвайхээр. Өлзийт багийн 49 дүгээр гудамжны зүүн талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:00 цагт очиход иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Эрдэнэ багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:49 цагт очиход иргэн О-ийн 8x6 хэмжээтэй 2 давхар байшингийн тагтны шал хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
- Ховд аймаг, Үенч сум. Хөх-Үзүүр багийн Хилийн цэргийн 0130 дугаар ангийн арын задгай /аймгийн төвөөс баруун хойд зүгт 380 км, сумын төв/-д хураалттай өвс шатаж байна гэсэн мэдээллийг 08.08-ны өдрийн 00:00 цагт мэдээллийг хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ны хураалттай 2 тонн өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Уран дөш багийн задгайд “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 23:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:29 цагт очиход иргэн Б-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашин шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт:
- Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газрын ойролцоо “Хөвсгөл” нуур /аймгийн төвөөс хойд зүгт 355 км, сумын төвөөс баруун урд зүгт 47 км/-нд 08.07-ны өдрийн 19:04:50 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 19:12 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчин Б нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
- Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/-т “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.07-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 5 алба хаагч 2 бүлэгт хуваагдан анх осолдсон газраас явганаар голын урд болон хойд эргээр нийт 1.2 км зайд, дроноор усны мандлаас дээш 2 метрийн өндрөөс самналт хийсэн. Эрлийн ажиллагааг 08.08-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд 1 хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/08
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/08/08
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/08/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ