Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10....+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, +21...+26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хорооны Моносын 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 13:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:46 цагт очиход иргэн А-ын  “Hyundai Excel” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

 Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон: 

-  Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.04-ний өдрийн 05:00 цагт эхлүүлж, анх осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр эрэг” гэдэг газар хүртэл 50 км зайд 3 удаагийн давтамжтай 2 завиар урсаж, 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийн зохион байгуулан ажиллаж, 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн. 

- Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/-т “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 08.03-ны өдрийн 20:44 цагт ангиас гарч, Цагааннуур суманд 08.04-ний өдрийн 10:50 цагт очсон. Алба хаагчид цааш завьтай явж анх осолдсон газарт 15:02 цагт очиж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 20:37 цагт түр зогсоож, 08.05-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Нуурын усанд осолдсон:

- Увс аймаг, Малчин сум. Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т “Хяргас” нуурын усанд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолдсоныг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э/56 настай, эрэгтэй, иргэн А/50 настай, эмэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн иргэн Б /10 настай, эрэгтэй/ нь усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгсөн.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Гол, мөрний усны үер: 

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны “Цагаан-Эргийн гургуул” гэдэг газар гэр үерийн усанд автаж, 3 иргэн усанд боогдсон гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 10:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн Р-ийн гэр “Туул” голын үерийн усанд автаж, боогдсон байсан тул иргэн Р/64 настай, эмэгтэй/, Э /38 настай, эрэгтэй/, О/41 настай, эмэгтэй/ нарыг 10 минут ажиллан гаргаж, түр хорогдох байранд хүргэсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны “Био комбинат” 3 дугаар гудамжны урд задгайд гэр үерийн усанд автсан гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ц-ын 4 ханатай гэр “Туул” голын үерийн усанд автсан байсан тул иргэн Ц/65 настай, эрэгтэй/, Б/13 настай, эрэгтэй/ нарыг 15 минут ажиллан гаргаж, түр хорогдох байранд хүргэсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, амралтын газарт иргэд үерийн усанд боогдсон гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан 14:03 цагт очиж “Туул” голын үерийн усанд боогдсон 118 иргэн /том хүн 83, хүүхэд 35/-ийг 2 цаг 30 минут ажиллаж, аюулгүй бүсэд гаргасан. Мөн  “Toyota Harrier” загварын суудлын автомашиныг татан гаргасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, “Тэрэлж-Алтай” ресортын гарамд “Туул” голын усанд иргэд боогдсон гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 4 км замыг туулан 16:32 цагт очиж иргэн Б/32 настай, эрэгтэй/, С/35 настай, эмэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Н/33 настай, эмэгтэй/, Б/26 настай, эрэгтэй/, Н /24 настай, эмэгтэй/, М/5 настай, эмэгтэй/ нарыг 20 минут ажиллаж завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна

Нийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ