Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор болон, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +17...+22 градус, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнодын тал нутгаар +28...+33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
Гал түймэр:
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1007 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 20:31 цагт очиход тус байрны гадна 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Мөнх багийн “Лүнгийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 17 км, сумын төвөөс урд зүгт 7 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 12:50 цагт очиход “Хьюндай Трак” загварын автомашин, ачиж явсан 5 ханатай гэрийн хамт шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 2 дугаар гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 13:36 цагт очиход иргэн Г-ын эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 42 дугаар хороо, Зүүн салааны задгайд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 14:43 цагт очиход иргэн Б-ын 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 12 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 18:01 цагт /18:10/ хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:09 цагт очиход иргэн С-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:27 цагт очиход иргэн Э /36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Туул” голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. 07.31-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 31 дүгээр гудамжинд тогтоол усанд эрэгтэй хүн живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 15:58 цагт очиход иргэн Э/45 настай, эрэгтэй/ нь 1.7 метр орчим гүнтэй тогтоол усанд живж нас барсан байсныг 10 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Аянга:
- Увс аймаг, Ховд сум. Халиун булаг багийн “Олон нуурын бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 195 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км/-т 07.30-ны өдрийн 06:00 цагийн орчим аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Халиун булаг багийн Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход тус багийн малчин Т-ийн 14 үхэр аянганд цохиулж хорогдсон байсан.
- Увс аймаг, Өлгий сум. Чаргад багийн “Хөндөөгийн-Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 113км, сумын төвөөс зүүн урд зүгт 11 км/-т 07.30-ны өдрийн 06:30 цагийн орчим айлын гэр дээр аянга буусан тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход малчин Л-ийн гэр дээр аянга бууж гэрийн бүрээс хайлж, тоононы баруун хэсэг хагарсан байсан. Хүн гэмтэж бэртээгүй.
- Ховд аймаг, Мянгад сум. Чацаргант багийн “Алтан хөхий Хайрхан-Овооны таг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/-т 07.30-ны өдрийн 08:00 цагийн орчим аянга бууж, мал өртөж хорогдсон тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын малчин У-ын 17 үхэр аянганд цохиулж хорогдсон тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.
- Увс аймаг, Бөхмөрөн сум. Гурванжигэртэй багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 07.30-ны өдрийн 15:50 цагийн орчим айлын гэр дээр аянга бууж 1 хүн өртөж нас барсан тухай мэдээллийг 07.30-ны өдрийн өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтанууд очиход Гурванжигэртэй багийн малчин Б-ийн гэр дээр аянга бууж иргэн Н /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан.
- Завхан аймаг, Идэр сум. Мануустай багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т 07.30-ны өдрийн 16:30 цагийн орчим аянга бууж, малчин С.Янжмаагийн 30 бог мал хорогдсон тухай мэдээллийг 07.30-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажилтанууд очиход тус багийн малчин Я-ийн 30 бог мал аянганд цохиулж хорогдсон байсан.
Уруйн үер:
- Архангай аймаг, Эрдэнэбулган сумын нутагт. 17:00-17:45 цагийн хооронд усархаг, аадар бороо орсны улмаас орон сууцны зоорийн давхар, хашаа, гэр, байшин, гудамж усанд автсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтанууд Мэдээлэл, харилцаа холбооны газар, 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшин усанд автсаныг аюулгүй болгож, усыг соруулж гаргахаар ажиллаж байна.
- Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Сийрст багийн “Цэций-Уул” 7 дугаар гудамжинд гэр, байшин усанд автсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 6х8, 4х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн А-ын 5 ханатай гэр тус тус усанд автсан байсныг 2 цаг ажиллаж аюулгүй болгон, 8 тн усыг соруулж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/07/31
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/07/31
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/07/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ