Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Завхан, Дархан, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Орхон Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30 болон 07.01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Гал түймэр:
Ховд аймаг, Зэрэг сум Бургасан багийн “Эргийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 124 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, Шарга морьтын задгай жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 2х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо “Туул” голын усанд 1 хүн урсаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 10:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /эрэгтэй/ “Туул” голын усанд бургас модноос зүүгдсэн байдалтай байсныг аврах завь ашиглан 17 минут ажиллан гаргаж, хүлээлгэж өгсөн.
Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум Согоот багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар “Юүдэг”ийн голын салаа руу бага насны хүүхэд морьтой ороод буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж, Б / эрэгтэй/ нь “Юүдэг”-ийн голын салаан дотор байсныг аврах завь ашиглан ажиллан гаргасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо “Туул” голын усанд 1 хүн унаж, урсаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/ эрэгтэй/ нь согтуугаар “Туул” голын эрэг дээрээс ус руу унаж, бургас модноос зүүгдсэн байдалтай байсныг ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачууртын голын усанд 1 хүн автомашинтайгаа живсэн байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эрэгтэй хүн “Тоёота приус 30” загварын суудлын автомашинтайгаа Баяндөхөмийн голын усанд байсныг ажиллан эсэн мэнд гаргасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И/ эрэгтэй/ гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудасаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн байсан тул цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Төв аймаг, Алтанбулаг сум Аргал багийн “Модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 57 км-т, сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ “Туул” голын сав газар нутаглаж байгаа 6 өрхийн иргэд голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:15 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Аргал багийн "Туулын гүүр" болон "Улаан хужирын булан" гэдэг гэдэг “Туул” голын сав газарт нутаглаж байсан 9 өрхийн 29 хүн /13 том хүн, 16 хүүхэд/, 9 гэр усанд боогдсон байсныг аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/25
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/06/25
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/06/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ