Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +11...+16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +15...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04, 05-нд нутгийн зарим газраар, 06, 07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Нартын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 168 км, сумын төвөөс хойд зүгт 43 км/-т автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өргөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Kia K5” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 3 өрөө байрны гал тогооны өрөөнд тогоотой хоол түлэгдэж шатаж байсныг зөөврийн ус ашиглан ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Завхан аймаг, Алдархаан сум Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/ автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо “Туул” голын усанд суудлын автомашин суусан гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход иргэн А-ын “Ineos Grenadier” загварын суудлын автомашин "Туул" голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/03
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/06/03
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/06/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ