Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Өвөрхангай аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +14...+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сургуулийн хашаанд 2х3 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшин бүрэн, иргэн М-ийн 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо дэлгүүр дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 05:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 10х14 метрийн хэмжээтэй 2 давхар хүнсний дэлгүүрийн 1 дүгээр давхарт хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
- Автозамын тээврийн осол: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 06:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган, иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.
Булган аймаг, Орхон сум Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т “Орхон” голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 05.26-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Орхон” голын эргээс 7 метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган, Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Төв аймаг, Баяндэлгэр сум Шинэбулаг багийн “Хадан хошуу” гэдэг газар тариалангийн талбайн хажууд Хэрлэн” голын дунд суудлын автомашинтай 2 иргэн ороод суусан, ус нь автомашины хамар давсан байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан.Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /42 настай, эрэгтэй/, Испани улсын иргэн M/43 настай, эрэгтэй/ нар “Toyota Land Cruiser 200” загварын суудлын автомашинтай “Хэрлэн" голын усанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Шуудуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Өмнөговь аймгийн чиглэлд явж байсан 2 зорчигчтой пикап автомашин шаварт суусан гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “JAC HFC1037DESV” загварын пикап автомашин шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/05/27
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/05/27
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/05/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ