Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Увс аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, 19-нөөс ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам багийн ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход 100 тн нүүрс тээвэрлэж явсан иргэн М-ийн “Shaanxi SX42564T324” зүтгүүрийн бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Рашаат багийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны 20:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Уст баг автомашины гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4х5 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Дорнод аймаг, Матад сум Эрдэнэбадрах багийн “Шарга-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, Матад сумын төвөөс зүүн урд зүгт 140 км-т/Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 05.16-ны өдрийн 05:35 цагт цурамд оруулж, 09:15 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 35000 га орчим талбай шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/05/17
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/05/17
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/05/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ