Т.Ууганбаяр: Зайлшгүй аврагч, аврах ажиллагааны багаж хэрэгсэл шаардахааргүй нөхцөл байдалд өөрийгөө авран хамгаалах арга ухаанд хүн бүр суралцаасай гэж боддог

A- A A+

Nematimes булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Т.Ууганбаяр зочиллоо.  
Төрбатын Ууганбаяр. Бага насаа Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгонд  өнгөрүүлж наймдугаар анги хүртлээ сурч байгаад Эрдэнэтийн I-10 жилийг 1998 онд  дүүргэсэн. Мөн ШУТИС-ийн харьяа Холбоо мэдээлэл, технологийн их сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гурван дүүтэй. Ээж маань одоо ч Сэлэнгийн Дулаанхаандаа амьдарч байна.
Миний үеийн эрэгтэй хүүхэд болгон цэрэг, цагдаа болъё гэсэн мөрөөдөлтэй байсан байх. Би ч мөн адил, дүрэмт хувцас өмсөн, тэвхийтэл ёсолдог цэргийн хүн болох мөрөөдөл тээсэн хүү явлаа. Гэхдээ яг мэргэжил сонгохдоо тулахад  ээжийнхээ хүслийг дагасан. Ээжийн талынхан удмаараа холбоочин хүмүүс. Тийм болохоор эргэлзэлгүй холбооны мэргэжлийг сонгож байв.


Сургуулиа төгсөөд Дарханы УБТЗ-ын Эрдэнэт чиглэлийг хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон юм. Жил орчим ажиллаад өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн.  Тэгээд анкетаа хэд хэдэн байгууллагад илгээчихээд хүлээж байтал Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсээс ажлын санал ирсэн. Тухайн үед Онцгой байдлын байгууллагын орон нутгийн анги, нэгжид холбооны мэргэжилтэн гэж ерөөсөө байгаагүй. Би анхны холбооны мэргэжилтнээр 2005 онд ажилд орж, 2014 он хүртэл сургалт, сурталчилгаа холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь БНХАУ-ын “Бэйханг”  олон улсын их сургуулийг сансрын холбооны хэрэглээ чиглэлээр магистр хамгаалж ирээд 2016 оноос ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвд техникийн бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Гамшгийн шуурхай удирдлагын газарт Олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Сүүлийн 5-6 жилд Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч гэдэг албан тушаалыг эрхэллээ. Энэ хугацаанд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийг ч төгсөж амжсан. Ээжийнхээ талыг дагаж холбоочин болсон ч эзэмшсэн мэргэжил маань мөрөөдөлд минь хөтөлж энэ сайхан албанд бараг 20 дахь жилдээ ажиллаж байна даа.  

Ерөнхий зохицуулагч гэдэг үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийслэл, 21 аймгийн хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүнтэй холбоотой ажиллаж, удирдлага, зохицуулалтаар ханган үүрэг чиглэл өгч хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, аюулд өртсөн иргэн манайд дуудлага өглөө гэхэд хаанаас ямар хүн хүч гаргаж, хэрхэн ажиллуулах гэх зэргээр зохицуулалт хийдэг гэсэн үг.  Анхааруулах мэдээ мэдээлэл өгөх шаардлага тулгарахад харилцаа холбооны болон зарлан мэдээллийн хэрэгсэлийн аль  төрлийг сонгох, хэсэгчилж явуулах уу эсвэл бүх нийтэд мэдээ түгээх үү гэх мэт ажлыг тухай бүрд нь шуурхай шийднэ. Айл гэрээр бол хамаг юмыг зохицуулдаг ээж хүнтэй зүйрлэж болох юм.


Энэ албан тушаалыг багагүй хугацаанд хашчихаар ажлын туршлагаас гадна дуудлагын цаадах нөхцөл байдлыг бараг мэдэрдэг болчихдог юм байна.  Усанд осолдлоо, сураггүй болсон гэсэн дуудлага ирэхэд эхлээд анхан шатны хэд хэдэн асуумжийг авдаг юм. Асуумжийн дараа орон нутгийнхаа бүлэгт “Хэдэн жилийн өмнө яг наана чинь хүн осолдсон, хэд хоногийн  дараа тэр хэсгээс олсон. Эрлээ эндээс эхлээрэй” гэж зөвлөх жишээтэй. Заримдаа хүн сураггүй боллоо гэх тохиолдолд “Наад хүн чинь алга болоогүй байх шүү. Юу юугүй бүлэг гаргаад яах вэ” гэх мэт байр сууриа илэрхийлнэ. Олон хүний хүч хөдөлмөр, бензин шатахуун зарцуулаад 2-3 хоног эрэн хайх ажиллагаа явуулж байхад зарим хүн утсаа унтраагаад, айлд очоод архидаж байх нь ч бий.
Байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой тохиолдох гамшиг ослын тоо  нэмэгдэж байна. Иргэдийн хувьд ч хариуцлага муу болж. Гэрт сарьсан багваахай орчихлоо, шувуу орж ирчихээд гарахгүй байна гэж Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч байна шүү дээ. Заавал аврагч, аврах багаж хэрэгсэл шаардахааргүй нөхцөл байдлыг өөрсдөө даван туулах арга, чадамжид иргэд маань суралцаасай  гэж боддог. Энэ өвлийн тухайд цас их орлоо. Цасанд суусан дуудлага олон ирлээ. Гэтэл бүлэг яваад очихоод ихэнх нь машиндаа л сууж  байна. Архидаад согтоод уначихсан байх нь ч элбэг. Тэгээд цас ухаж, автомашиныг нь гаргахыг онцгойнхон л хийх ёстой мэтээр хандана. Уг нь цас, зудтай нөхцөлд явж байгаагаа бодоод ядаж хүрз, татлагатай явах, аврагч нартай хамтраад ажиллах нь тухайн хүний үүрэг хариуцлага юм. Тиймээс иргэдэд тооцох хариуцлагыг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай явдаг.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.