Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус байсан. Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 6 дугаар хороо, 41 дүгээр байрны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:02 цагт очиход тус байрны 2х2 метрийн хэмжээтэй хогийн суваг дотор хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 12 дугаар багийн Хуучин” хорооллын 27 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 01:07 цагт очиж хогийн цэгт хог шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 2 дугаар хороо, 7/3 дугаар байрны орцонд утаа үнэртээд байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:26 цагт очиход тус байрны 1 давхарт  2х2 метрийн хэмжээтэй  цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 27 том хүн, 30 бага насны хүүхэд гаргаж, 8 иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өгсөн.

- Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум. Шурга багийн “Эх цагаан булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/-т 03.18-ны өдрийн 22:00 цагт хаваржаа шатаж байна гэсэн мэдээллийг хүлээн авсан. Тус сумын малчин М-рын хаваржаа 03.18-ны өдрийн 22:00 цагийн орчим шатаж эхэлсэн. Сумын мэргэжлийн ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа мөн өдрийн 22:56 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: 

Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 03.16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.19-ний өдрийн 06:45 цагаас эхлэн  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дугээр талбайд 24 км-ын тойрогт 2 удаагийн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:40 цагт зогсоосон. 03.20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

- Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Малх багийн “Яргай” гэдэг газар /аймгаас зүүн хойд зүгт 70 км/-т 03.19-ний өдрийн 10:00 цагийн орчим иргэн Г нь Говьсүмбэр аймгийн төв орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  иргэн Ганбаатар /62 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.19-ний өдрийн 13:52 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:44 цагт Малх багийн “Баянбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 56 км, гэрээс нь баруун хойд зүгт 16 км/-аас эсэн мэнд олсон.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Сүхбаатар аймаг, Уулбаян сум. Сахиулын шанд багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т айлын гэр шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 19:20 цагт очиж малчин иргэн Б-ын гэр шар усны үерт байсныг 55 минут ажиллаж 2 км зам гарган тусламж үзүүлсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл "Маш их" байна

Нийт нутгийн дөрвөн хувьд нь өвөлжилт хүнд байна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ