Олон улсын хоёр “од”-той шумбагч П.Дэлгэрсайхан

A- A A+

С.Уянга
Манай шумбагчид олон улсын хоёр “од” шалгуурыг хангаж бусад орныхонтой мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх хэмжээнд очоод удаж байна. Тэгвэл Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин “Монгол Улсын төлөө” буландаа Онцгой  байдлын албанд хоёр “од” зэрэгтэй үүрэг гүйцэтгэж буй ганцхан шумбагч байдгийг онцолж ярилцлаа. Тэр хүн бол Улаанбаатарт байрлаж буй ч улсын хэмжээнд, орон нутагт хүч нэмэгдүүлдэг онцлогтой  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын ахлагч, сургагч ахлагч П.Дэлгэрсайхан юм.

 

АЖЛААСАА ГАРЪЯ ГЭЭД ОЧСОН...

Сургагч ахлагч П.Дэлгэрсайхан Увс аймгийн Улаан гом сумынх. Дунд сургуулиа төгсөөд экскаваторчин дамжаанд суралцаж явсан түүний хувь заяаг нэг л өдөр зурагтын зар өөрчилж орхисон нь онцгой байдлын алба байв. Ийнхүү нагац ах бэлтгэл хурандаа, эгч нь элитийн батальонд ажиллаж байсан учраас цэргийн амьдрал руу эргэлт буцалтгүй тэмүүлэхэд сэтгэлд нь илүү ойр санагдсан байна. Үүнээс хойш нүд ирмэх зуур 20 жил өнгөрч ажил алба, ангийнхаа нэгэн эд эс болжээ хэмээн дурсан ярьж байв.

П.Дэлгэрсайханыг аврагчдын эгнээнд нэгдэж байхад одоогийн онцгой байдлын албатай хүн хүч, багаж техникээс эхлээд харьцуулшгүй огт өөр байсан нь лав. Тийм л үед онцгой байдлын албанд орж ачааны хүндийг үүрэлцэж явсан он жилүүд амттай хийгээд зарим үед зугтмаар санагддаг байжээ. Тэрээр аврагчаар бэлтгэгдээд сар гаруйхны дараа хээрийн түймэр унтраах анхны даалгавраа авч Төв аймгийн Батсүмбэрт ажилласан талаараа “Тэр жил дуудлага их байсан. Хээрийн түймэрт явахдаа өдөр шөнөгүй гал унтраасан. Амарна гэж үгүй. Үүрээр салхи намдахтай зэрэгцээд л унтрааж эхэлнэ. Ер нь л нойр, хоолноос эхлээд чанга байсан. Тэгээд л очоод шууд ажлаасаа гаръя гэж бодлоо. Бараг л шийдчихээд байсан. Гэтэл түймрээ унтраагаад буцаж очихдоо шууд шантраад явж чадаагүй. За түр зуур хоёр хоног харзнаж байя гэж хойшлуулсаар байгаад нэг мэдсэн албанаасаа холдож чадахгүй уусчихдаг юм байна. Хоёр, гурав дахь жилээсээ бол эргэлт буцалтгүй болсон доо” гээд инээмсэглэн ярих энэ даруухан залуугийн ихийг бүтээх зориг зүтгэл яг л энэ цэгээс эхэлсэн гэлтэй. Тиймдээ ч энэ хугацаанд түүний амийг нь аварсан хүний тоо хэдэн зуу, авран хамгаалсан эд хөрөнгийн үнэлгээ хэр хэмжээтэй болсныг таашгүй. Бүртгэл тооцоо барагцаа байгаа ч тодорхой хэлсэнгүй. Нэлээн шавдуулж асуувал “Яахав, 20 жилийн хугацааны ослын дуудлага, аврах ажиллагааг тоолбол нэлээн том тоо гарах байх. Гэхдээ ганц миний биш бүгд манай багийн амжилт, хичээл зүтгэл шүү дээ” гэдгээс өөрөөр ам нээсэнгүй.

Биднийг Үндэсний аврах бригад дээр очиход алба хаагчид гүний усанд шумбалтын дадлага сургуулилалтаас дөнгөж орж ирж байв. Тэд Төв аймагт  "Хилэм ост" загас үржүүлэх нууранд шумбахдаа өвөл мөс цөмөрсөн үед хэрхэн ажиллах болон шөнийн шумбалт хийж мэргэжлийн ур чадвараа ахиулаад иржээ. Ер нь аврагчид өдөр бүр суралцсаар хичээлдээ суусаар байдаг аж. Яг л оюутан сурагчидтай адил намар есдүгээр сард шинэ хичээлийн жилийн нээлтээ хийгээд бүтэн жил цүнхээ үүрээд явна. Мэргэжлийн чиглэлээрээ онол, практик хослуулдаг гэнэ. Манай нийтлэлийн баатар сургагч ахлагч П.Дэлгэрсайхан “Би одоо ч гэсэн танхимынхаа хичээлд суугаад л явж байна. Ер нь 20 жил оюутны ширээнээс холдоогүй гэж хэлж болно. Хүн үргэлж сурч хөгжиж тэмүүлж байх ёстой. Манай анги дадлага сургуулилтаа өөрийнхөө бааз сууринд түшиглээд хийчихдэг нь давуу талтай” гэлээ.

П.Дэлгэрсайхан томоохон осол, гал түймрийн ихэнхэд нь үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, 2009 онд Төв аймгийн Заамар сумын нутагт “Эко алтан заамар” компанийн уурхайд айхтар осол гарахад аврагчид хөрсний нуралт үүссэн, мөстэй  усанд хэдэн өдөр шумбалт хийсэн нь олны анхаарлын төвд байсан. Энэ ажиллагаанд олон хоног явж үүргээ амжилттай биелүүлээд “Тэргүүний ажилтан” тэмдэг энгэртээ зүүсэн  баатарлаг аврагчдын нэг нь манай нийтлэлийн баатар юм.   Сүүлд Хөвсгөл рүү 80 гаруй хоног яваад ирлээ. Түүнээс өмнөхөн мөн л 70 гаруй хоног “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон тухайгаа ярилаа. Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад багаараа 180 орчим цагийн шумбалтаар 70 гаруй удаагийн даалгавар гүйцэтгэсэн бол П.Дэлгэрсайхан 1753 гаруй минутын шумбалт хийсэн байна. Энэ онцгой амжилтаа үнэлүүлж 16 сая төгрөгөөр шагнуулж байсан нь саяхан. 

ХОЁР “ОД”-ТОЙ ШУМБАГЧ ОНЦГОЙД ГАНЦХАН БАЙДАГ 

Сургагч ахлагч П.Дэлгэрсайханы яг мэргэшиж, суралцсан нь гүний шумбагч. 2009 онд НҮБ-ын төслөөр Монголд анхлан усчин аврагчдыг бэлтгэсний нэг нь тэр юм. Бүр тодруулбал, хамгийн анхны арав гаруй шумбагчаас өнөөдөр олон улсын хэмжээний хоёр “од” зэрэглэлд хүрээд буй цөөн хүмүүсийн нэг. Энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн Солонгос, ОХУ-д суралцаж мэргэжил дээшлүүлжээ.

Хоёр “од” зэрэглэл авснаар олон улсын аврах ажиллагааны багт орж ажиллахаас гадна гүний шумбагч бэлтгэх эрхтэй болдог. Ийм түвшний сургагч Монголд цөөн, одоогоор онцгой байдлын албанд ганцхан байгаа нь П.Дэлгэрсайхан. Олон улсын хоёр “од” зэрэгтэй болоход урт хугацааны онолын хичээл практик гүйцэтгэлээс эхлээд техник ур чадварын өндөр шалгууртай. Тиймдээ ч түүнийг хоёрдугаар зэргээ авахад олон улсаас мэргэжлийн зэрэг олгох эрхтэй багш нар Монголд ирж шалгалт авчээ. Тухайн үед Хөвсгөл, Дорнод, Улаанбаатар зэргээр 10 гаруй гүний шумбагч сургалтдаа сууж шалгалт өгсөн байна. Ийнхүү хамт бэлтгэгдэж зэрэг авч байсан бусад хүмүүс нь “мэргэжлээ” солиод өөр салбарт орсон бол П.Дэлгэрсайхан албандаа, ангидаа, аврагч сургах мест дээрээ үнэнчээр үлджээ. Тэр дундаа эрэн хайх, аврах салбараасаа алхам ч холдсонгүй. Бууриа ч сэлгээгүй 20 жил “Монгол Улсын төлөө” зүтгэж явна.  Энэ чадвараа харуулж Хөвсгөлд аврах ажиллагааны дуудлагаар 45 метрийн гүнд шумбаж байжээ. Мэргэжлийн гүний шумбагч маань “Усны гүнд ямар нэг саад бэрхшээл юм уу эрүүл мэнд, амь насанд нь хүндрэлтэй зүйл тохиолдоход сандрахгүй байх нь хамгийн чухал чадвар. Өөрийгөө хянаж, аливаа гэнэтийн эрсдэл тулгарлаа гэхэд удирдаж чаддаг байх хэрэгтэй” гэсэн цомхон зөвлөгөөг усанд шумбагчдад өглөө.

П.Дэлгэрсайхан 2010 онд Аврах тусгай ангийн “Оны тэргүүний ажилчин”, 2011 онд Цэргийн хүндэт медаль, 2014 онд Энхийн төлөө медаль, НҮБ-ын медаль, 2015 онд МУЗН-ийн Нигүүсэл мөнгөн медаль, Онцгой байдлын албаны төлөө гуравдугаар зэрэг гээд энгэрээрээ дүүрэн шагналтай. Энэрэнгүй үйлсээр манлайлж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр баруун аймгуудын нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөв гарчээ. 

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан  хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн  хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм. 

Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.