Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийг гаргалаа

A- A A+

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/  хуралдаанд хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийг гаргасан юм.

Тодруулбал, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нөөц дэх 10.200 тн, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгож, орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж,  хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгав.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах, мөн нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаалах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн арилжааны банкууд дахь малчдын 1.2 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг жилээр хойшлуулж, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монгол банк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Эх сурвалж: zasag.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.