Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгуудын нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Шөнөдөө нийт нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28...-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байсан.
Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 16-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар эрс хүйтэрнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг13 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5х7 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөний дээвэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Замын-Үүд сум Жаргалант багийн Замын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 02:47 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Баян-Өлгий аймаг, Буянт сум Өмнө гол багийн “Дундговь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т 02.11-ний өдрийн 10:00 цагийн орчим тус сумын харьяат, малчин Б малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Б/36 настай, эрэгтэй/-г 16:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Дундговь” гэдэг газраас 16:46 цагт осгосон байдалтай олж, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймаг, Дархан сум Хараат 2 дугаар багийн “Шагийн гэзэг” болон Шажин 3 дугаар багийн “Нохойн хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, Бор-Өндөр сумын төвөөс хойд зүгт 50 км/-т 9 зорчигчтой 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн төвөөс Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн М /53 настай, эрэгтэй/-ын “Toyota Prius-20” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллан татан гаргаж цааш хөдөлгөөн үйлдэж тус сумын Шажин 3 дугаар багийн “Нохойн хонхор” гэдэг газар /Бор-Өндөр сумын төвөөс хойд зүгт 50 км/-т Хэнтий аймгийн төвөөс Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-ийн “Ssangyong Istana” загварын 6 зорчигчтой автомашин цасанд суусан байсныг ажиллан тус тус татан гаргасан.
Архангай аймаг, Эрдэнэмандал сум Эрдэнэ-Уул багийн “Нохой унадагийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т Тус аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багаас Эрдэнэмандал сумын чиглэлд зорчиж явсан автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 03:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход 32 зорчигч, 9 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр 11 дүгээр багийн “Төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 60 км/-т Малаа хариулж явсан малчин А /26 настай, эрэгтэй/ уулын цасны нуранганд дарагдсан тухай мэдээллийг 02.12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн Х /29 настай, эрэгтэй/-ийг цасны нурангид дарагдсанаас гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж тус сумын Нэгдсэн эмнэлгийн автомашинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/02/14
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/02/14
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/02/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ