“Туслаач, бурхан минь”

A- A A+

Аюул осол тохиолдоход яагаад ч юм амнаас энэ үг унадаг. Гэвч бурхан биш аврагчид ирээд түймэр гарсан бол гал руу эсвэл гол, ус, цасан хунгар руу яваад орчихно. Гайхалтай тийм ээ.

Энэ хүмүүс Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний 70 гаруй хувийг эзэлдэг. Аврагч-усчин, аврагч-шүхэрчин, аврагч-гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч зэрэг онцгой албаны бүхий л гүйцэтгэх ажлыг нугалдаг эдгээр алба хаагчдыг ахлагч бүрэлдэхүүн гэнэ. Энэ жилийг Онцгой байдлын байгууллага ахлагч бүрэлдэхүүнээ дэмжих жил болгон зарласан. Тиймээс аврагчдаас төрсөн анхны гавьяат ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлагч, Үйлчилгээний гавьяат ажилтан, тэргүүн ахлагч Ж.Баяртогтохыг #nematimes буландаа зочноор урив.

Жамсрангийн Баяртогтох, 1986 онд Увс аймагт төрсөн. Эхнэр, 4 хүүхэд, аав ээжийнхээ хамт амьдардаг. Дунд сургуулиа Улаанбаатарт дүүргэсэн. Аравдугаар ангиа төгсөх жил телевизийн мэдээний доогуур “Онцгой байдлын албанд аврагч авна” гэсэн зар гарч байхыг олж хараад аавтайгаа ярилцаж, шалгалт өгч тэнцэж байлаа. Тэр цагаас аврагчаар ажиллаж явцын дунд мэргэжлээ дээшлүүлж эрхзүйч болсон. Энэ албанд 19 дэх жилдээ зүтгэж байна. 2018 онд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн. Аврагч бүрэлдэхүүнээс төрсөн анхны гавьяат.

Ажилд ороод хэдхэн цаг болж байтал анхны дуудлага ирж Туул голд осолдсон хүнийг аврахаар явж байв. Шөнө нь тухайн буцалтгүй нэрвэгдэгч ямар байдалтай олдсон. Хэрхэн гаргаснаа яг зүүдэлсэн. Залуу ч байж, өглөө босоод өөрийгөө арцаар утаад л. Ах нар “Амьгүй л болохоос чамд ямар ч гэм хийхгүй. Ар гэрт нь буян хийж байгаа шүү гэдгээ бодож бай” гэдэг байлаа. Туршлагагүй үедээ иймэрхүү сэтгэл зүйн асуудалтай үе тохиолдоно оо. Гэхдээ туршлага бас мэдлэгтэй болоод ирэхээр айдас, сэтгэл хөдлөлөө удирдаад сурчихдаг юм. Аврах отрядын дарга байсан, хурандаа Ц.Баттулга даргын “Төрийнхөө соёмбоо тэргүүндээ залсан хүнд муу юм халддаггүй. Маш хүчтэй хамгаалалт хэмээн итгэж, сүсэглэж яв” гэдэг үгийг байнга бодож явдаг.

Миний ажилладаг Үндэсний аврах бригад, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт байгууллага. Манай бригад ой хээрийн түймэр, зуд гэх мэт бүх төрлийн гамшиг ослын дуудлагад нэмэлтээр ажилладаг. Өөрөөр хэлбэл бүс орон нутгийн хүч нөөц боломжоос давсан гамшиг тохиосон үед бид очиж үндэсний хэмжээнд ажилладаг гэсэн үг. Тиймээс дуудлага бүр хүнд гэж ойлгож болно.

Тухайлбал, Тэрэлжийн Таван салааны гарам, Чехийн элчингийн ажилтнуудыг үерийн бүсээс гаргах, Эко Алтан заамар, Отгонтэнгэрт осолдсон уулчдын дуудлага гэх мэт. Говь-Алтайн Тайширын усан цахилгаан станцад 44 метр гүнд шумбаж үүрэг гүйцэтгэсэн зэрэг олон ажиллагааг дурдаж болно. Мөн Японд тохиолдсон цунамид 2011 оны гуравдугаар сард очиж ажилласан.

2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл нуурт 54 метрийн гүнд живсэн хүнд даацын хоёр машиныг яаралтай гаргахгүй бол шатахуун асгарах аюул нүүрлэсэн. Усны гүнд холболт хийж байтал миний зуултуурын ажиллагаа зогсож амьсгал авч чадахаа больсон. Холболтоо бушуухан хийчихээд амь тэмцэн дээш зүтгэсэн. Цооногоор гарч ирээд л ухаан алдсан байсан. Говь-Алтайн Тайширын усан цахилгаан станцын осол хамгийн айдастай ажиллагаа. Усан цахилгаан станц болохоор доороо асар хүчтэй сорох хоолойтой. Тэр том сорох хоолойнд сорогдвол хүн гэдэг бас өчүүхэн шүү дээ. Буйр нуурын гүнд шумбалт хийж байхдаа бас загасны торонд орооцолдож байсан юм байна. Энэ мэтээр амь дүйсэн сорилт олон тулгардаг.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.