Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна. нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -16...-18 градус, өдөртөө хүйтний эрч чангарч -16...-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд Халх гол орчмоор, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

- Төрийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 33 дугаар хороо, “Модны 2”-ын  дулааны шугамын худаг дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход  дулааны шугамын худаг дотор дулаалгын хөөс, хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

- ААН, байгууллагын өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Жуулчны байр 1 дүгээр гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэр дотор цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.

- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Шархадны 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 07:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Чулуутын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр баг, Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн гадна автозамын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Премио” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ: 

- Автозамын тээврийн осол: Завхан аймаг, Тосонцэнгэл сум Хайрхан багийн “Хар-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 182 км, сумын төвөөс зүүн зүгт 2 км/-т автомашин замын хажуу уруу унах гээд байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 19:03 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан байсныг  ажиллаж автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймаг, Эрдэнэ сум Чулуут багийн “Галтай булнаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т01.15-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчдыг Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 01.15-ны өдрийн 22:28 цагаас эхлэн  иргэн Т/13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 01.16-ны өдрийн 00:35 цагт Эрдэнэ сумын төвд автобусны буудал дээр морьтой явж байхад нь олж сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Хөвсгөл аймаг, Галт сум Хужирт багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 192 км, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км/-т Автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.15-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн “УАЗ-220692” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг 42 минут ажиллаж татан гаргасан.

Дорноговь аймаг, Даланжаргалан сум 2 дугаар багийн “Бор-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.16-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Приус-20” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан байсныг 12 минут ажиллаж татан гаргаж Дундговь аймгийн Өндөршил сумын чиглэлийн автозамд хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ