Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.   

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +5...+10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгаар халж +33...+38 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +28...+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 2 өрөө байранд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан Утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг  очиход иргэн Ш-ийн хашаанд 20х20 метрийн хэмжээтэй ил задгай хог, иргэн Н-ийн хашааны 0.7 га талбай шар өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “FAW CA425” загварын ачааны автомашинтай, иргэн Б-ийн  “Prius-20” загварын автомашин мөргөлдсний улмаас бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 05:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд хуучин нурж унасан 6х2 метрийн хэмжээтэй байшингийн мод, хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Зүүн согоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Мэргэжлийн ангийн нийт 13 хүн, 1 автомашин, 8 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.09-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, 05.11-ний өдрийн 12:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.

Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Тасархайн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 15:11 цагт хүлээн авсан.  нийт 32 хүн, 5 автомашин, 2 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.10-ны өдрийн 11:40 цагт цурамд оруулж, 05.12-ны өдрийн 07:22 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.

Дорнод аймаг, Баян-Уул сум Харчулуут багийн "Бумбатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 165 км-т, сумын төвөөс зүүн урт зүгт 25 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 15:37 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги,  сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 7 автомашинтай хээрийн түймрийг унтрахаар ажиллаж 18:00 цагт цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 60 га хээрийн талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолтыг тодотгож боловсрууллаа

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.