Дархан-Уул аймгийн дугаар байрны цонхоор бага насны гурван хүүхэд унах гэж байсныг онцгойгийн аврагч аварчээ. Аврагч Н.Цогбаяр тухайн үед хувийн ажлаар явж байжээ. Тэрбээр Гал түймэр унтраах 54 дүгээр ангийн салааны захирагчаар ажилладаг юм. Түүнтэй бид өчигдөр болсон үйл явдлыг талаар нь ярилцлаа.
-Хүүхдүүдийн амийг аварсанд баяр хүргэе. Тухайн үед юу болсон та ярихгүй юу?
-Би өчигдөр өдөр ажлаасаа гараад, нэг газар явж байсан юм. Орон сууцны хажуу талаар явж байтал хүмүүс цугларчихсан, хашхиралдаад байсан. Тэгээд машинаа зогсоолд тавиад гүйгээд очтол бага насны гурван хүүхэд цонхон дээрээ зогсчихсон байсан. Үе үе доошоо тонгойгоод, хоёр ах нь хөл нүцгэн, живхнээс өөр хувцасгүй дүүгээ түлхээд байсан. Тэгэхээр нь “Битгий хөдлөөрэй” гэж чанга дуугаар хэлчихээд нэг давхрын дэлгүүрийн дээврээр дамжаад хоёр давхарт гарсан. Хоёр давхрын айлын тагтаар дамжаад хүүхдүүдийн зогсож байсан гурван давхрын цонхны тавцанд хүрч чадсан. Тэгээд хүүхдүүдийг цонхоор нь гэр рүү оруулж, аюулгүй болгосон.
-Хүүхдүүд тагтан дээр биш, цонхны тавцан дээр зогсож байсан юм байна, тийм үү?
-Тийм ээ, цонх нь томоор онгойдог, 30-40 см-ийн өргөнтэй л тавцан байсан байх. Хүмүүс цонхных нь дор зогсоод, хүүхдүүдийг хөдөлгөөн хийхээр “Яана аа уналаа” гэж хашхиралдаад, уулга алдаад байсан. Хүмүүсийг чанга дуугарах болгонд нь хүүхдүүд сонирхож доошоо хараад аюултай байсан шүү. Тэгээд хүмүүсийг “Чимээгүй байж байгаарай, битгий дуу гаргаарай” гэж хэлээд, хүүхдүүдийг “Битгий хөдлөөрэй, ах нь одоо очлоо. Хөдөлж болохгүй шүү” гээд дээшээ гарсан. Хүүхдүүдийг аюулгүй болгож, гэрт нь оруулаад цонхных нь түгжээд, бариулыг нь тайлж авсан.
-Хүүхдүүд айсан байсан уу?
Нэг нь ой гарантай, живхтэй байсан. Нөгөө хоёр нь дүүгээсээ ганц хоёр насаар ах байсан байх. Гэрт нь ороход живхтэй хүүгийн ихэр нь, дөрөв, таван настай болов уу гэмээр ахтайгаа байсан. Үнэндээ тэд айх, сандрах тухай мэдэхгүй байсан байх. Унана гэдгээ ч мэдэхгүй байсан шүү дээ.
-Аав, ээжтэй нь уулзсан уу, та?
-Хүүхдүүдийг аварчихаад дор байсан хүмүүсээс “Цагдаа дуудсан уу” гэхэд нэг эгч “Одоо удахгүй ирлээ гэсэн” гэхээр нь айлд хэсэг хүлээсэн. Тэгээд цагдаагийн хоёр албан хаагчдад хүүхдүүдийг хүлээлгэж өгөөд яваад өгсөн. Өөр нэг аж ахуйн нэгжид сургалт орох цаг хүлээгдээд байсан юм. Орц нь нөгөө талд байсан учраас гарахдаа хүмүүстэй ч таараагүй. Хүүхдүүд аав, ээжтэй уулзаагүй. Хүүхдүүдийн амийг аварч, ажлаа гүйцэтгэлээ л гэж бодсон.
-Та Онцгой байдалд хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Би 13 дахь жилдээ ажиллаж байна. Дарханых учраас гурван жилийн өмнө нутагтаа шилжиж ирээд байна. Арван жилийг нь нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрүүлсэн. Хүний амь, эд хөрөнгийг аврах нь бидний үүрэг шүү дээ. Тэр хэсэгт явж байсандаа л баярлаж байна. Түүнээс дуудлага өгөөд хүлээсэн бол амжихааргүй байсан. Бас гурван давхарт учраас мэргэжлийн хүмүүс биш бол иргэд тэр бүр аврах ажиллагааг зохион байгуулж чадахгүй байсан байх.
-Өмнө нь олон удаа хүний амь аварч байсан байх. Санаанаас гарахгүй аврах ажиллагаа байдаг уу?
-Би 2014 онд Дотоод хэргийн их сургуулийн онцгойгийн аврагч болох дамжаанд суралцсан юм. Сонсогч байх үед сургуулийн маань хойд талын орон сууцны таван давхраас согтуурсан эрэгтэй үсрэхийг оролдсон. Өчигдрийнхтэй адил хүмүүс шавчихсан, нөгөө залуу амиа хорлохоор шийдсэн байлаа. Найзуудтайгаа явж байсан учраас гүйгээд л таван давхар руу гарсан. Нөгөө залуугаас гуйгаад, сүүлдээ загнаад, аргадаад, ярилцсаар байгаад цонхноос нь буулгаж байлаа. Тэр үеэс л хүний амь аврах гэдэг чинь хэчнээн сайхныг мэдэрч, ажилдаа улам дуртай болсон доо. Тэгээд бид “Хүний амь аварчихлаа” гээд баяр хөөрөөр дүүрэн сургууль руугаа гүйлдэж байсан.
-Хамгийн хэцүү аврах ажиллагаа юу вэ?
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд өчнөөн л дуудлагад явж, олон хүний амь, эд хөрөнгийг авран хамгаалсан. Хамгийн хэцүү нь зам тээврийн осол байдаг. Тэр дундаа гэр бүлээрээ явж байгаад осолд орчихсон, хүмүүс эндчихсэн байх хамгийн хэцүү. Хайртай хүмүүсээ алдчихаад, уйлж байгаа хүүхдүүд, эмэгтэйчүүд, аавуудын өмнөөс сэтгэл өмрөөд байдаг юм.
-Баярлалаа, ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Дулаан орж, айлууд агаар салхи оруулах гээд цонхоо нээлттэй орхидог. Бид энэ аюулаас сэргийлж, олон ч сургалт, зөвлөгөөг орж байгаа. Одоо ч орсоор л байна. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байж, анхааралтай байхыг хүсэж байна.
Эх сурвалж: ergelt.mn
2026/04/22
Шинэ мэдээСургалтаар гамшгаас хамгаалах улсын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрх бүхий албан тушлаатны эрх зүйн баримт, бичгийг боловсруулах чадварыг нэмэгдүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалтыг дээшлүүлэх чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлж байна.
2026/04/22
Шинэ мэдээДархан-Уул аймгийн дугаар байрны цонхоор бага насны гурван хүүхэд унах гэж байсныг онцгойгийн аврагч аварчээ.
2026/04/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ