Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хотын хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5...-7 градус, бусад хэсгээр -1...-3 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хойд хэсгээр, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 03-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 04, 05-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймаг, Тариалан сум Баянхошуу багийн “Их-Уулын ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 182 км, сумын төвөөс баруун урд зүгт 22 км/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 4х4 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Ханбогд сум Жавхлант багийн “Баян хөөвөр” хорооллын 16 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Daewoo KLGY2469” том оврын ачааны автомашины бүхээг, тэвш дээр хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 03:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын хашаанд 2х2 метрийн хэмжээтэй задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар Ойн гал түймэр гарч байна байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын иргэд нийт 28 алба хаагч, 5 автомашин, 3 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 17:30 цагт цурамд оруулан, 22:50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан.
Архангай аймаг, Жаргалант сум Асаат багийн “Жаргалантын буурал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Завхан аймаг, Сонгино сум Баян-Айраг багийн “Хөгшний шил” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнхангай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Lexus RX450h” загварын 5 зорчигч /2 том хүн, 3 хүүхэд/-той суудлын автомашин шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/02
Шинэ мэдээТашрамд дурдахад энэ онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хэлэлцээр байгуулж, хамтран ажиллаж эхэлсний 50 жилийн ой тохиож байна.
2026/04/02
Шинэ мэдээУрьдчилсан байдлаар түймэрт 2 га талбай өртсөн байна.
2026/04/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ