Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд-штабын сургууль эхэллээ

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Говьсүмбэр аймагт Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль аймаг, сумдын удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

Команд штабын сургуулийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, сумдын удирдлагын бэлэн байдлыг үнэлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, шийдвэр гаргалт, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг онцлогтой юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймаг сумдын 80 гаруй удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албадын төлөөлөл оролцсон юм.

 

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон технологийн гаралтай аюулт үзэгдэл, ослын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд команд-штабын сургууль, дадлагын ач холбогдол өндөр байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 240 удаагийн дуудлага бүртгэгдэж, 37 иргэн амь насаа алдаж, 1116 хүн гэмтэж бэртэн, өвчилж, 878 толгой мал хорогдон, 3.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Бүртгэгдсэн тохиолдлын 50.4 хувийг обьектын гал түймэр, 15.8 хувийг цас, шаварт суусан дуудлага, 7.9 хувийг зам тээврийн осол, 7.5 хувийг төөрсөн, сураггүй болсон тохиолдол эзэлж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд жилд дунджаар 48 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгддэг бөгөөд хүн амын тоонд харьцуулахад 100.000 хүн амд жилд дунджаар 266 дуудлага ногдож байгаа нь улсын хэмжээнд аюулт үзэгдлийн тохиолдлоор эхний 5 аймгийн нэгт багтаж байна” хэмээн онцоллоо.

Харин аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ “Дорноговь, Дундговь зэрэг хөрш зэргэлдээ аймгуудаас отор нүүдлээр ирэх малчдын хөдөлгөөн их байдаг нь шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрээр өдөрт дунджаар 1000 гаруй ачаа тээврийн автомашин зорчдог нь замын ачааллыг нэмэгдүүлж, зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймд болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах нь чухал байна” гэж хэлсэн үгэндээ танилцуулсан юм.

Тус команд штабын сургууль нь удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт, штабын дадлага, сорил гэсэн 3 үе шаттайгаар 3 өдөр үргэлжлэх бөгөөд гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, байгууллагуудын харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлж, сайжруулахад чиглэгдэж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтын хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан гамшгаас хамгаалах жишиг төлөвлөгөөг боловсрууллаа

Дадлага сургуулиар гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах загвар төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу штабын хэсэгчилсэн дадлагыг зохион байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь харилцан мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна загвар төлөвлөгөөг хэрэгжихүйц байх боломж, нөхцөлийг бүрдүүллээ.

Гамшгийн сөрөн тэсвэрлэх чадвахыг бэхжүүлэх чиглэлээр генералууд хэлэлцүүлэг өрнүүллээ

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө төдийгүй улс орныхоо хөгжлийн үйл хэрэгт манлайлан оролцогч  төрийн цэргийн болон хууль сахиулахын генералууд болон холбогдох мэргэжилтэн, судлаач нарын 130 гаруй хүн оролцсон юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ