Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 1 мм, Завхан аймгийн 7 суманд 3.0 мм, Увс аймгийн 1 суманд 0.3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...-2 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 14, 16- нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1…-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9..-14 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 35 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөө, эд хогшлын хамт, том өрөөний 1х1 метрийн хэмжээтэй таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1, 2 дугаар давхрын өрөө тасалгаа, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол - Нуурын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 223 км, сумын төвөөс баруун зүгт 20 км Улаан-Уул сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд “Дээд цагаан нуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарч сумын төвд очсон тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж,  иргэн Б-ийн  “Great Wall Tank-300” загварын суудлын автомашиныг татан гаргаж, тус сумын Цагдаад хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн Хатгал тосгоны “Тойлогтын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 145 км, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.11-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийнхныг очиход иргэн И-ийн “Toyota Prius 40” загварын суудлын автомашин нуурын усанд живээгүй, урд 2 дугуй цөмөрч орсон байдалтай байсныг татан гаргасан.

Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Оргих багийн "Жаргалантын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 01.07-ны өдрийн 17:00 цагийн орчим малчин "Б" нь хонио хариулж яваад төөрч, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 01.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор 01.11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн малчин Б /56 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, Цагааннуур сумын Оргих багийн “Жаргалантын-Ам” гэдэг газраас хойд зүгт 4 км зайд “Жаргалант-Уулын энгэр” гэдэг газраас 01.11-ний өдрийн 12:25 цагт эсэн мэнд олж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Цас, шаварт суусан: Завхан аймаг, Сонгино сум Шар нуруу багийн “Ялаатын дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн  зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/с 01.10-11-нд салхины хурд 16 м/с хүчтэй цасан шуурга шуурсны улмаас А18 дугаартай “Түдэвтэй-Сонгино-Наранбулаг” чиглэлийн 514-522 км-т автозамын зорчих хэсэгт цас хунгарлаж автомашин зорчих боломжгүй болсон, цасанд суусан автомашинуудыг татан гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчиид очиж цасанд суусан нийт 4 автомашиныг татан гаргасан. “Завхан АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж автозамын зорчих хэсгийг нээсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 2 нь халиа дошин, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас хоёр иргэн нас барсан байна.