Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг хүлээлгэн өглөө

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн эхний шатанд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашин нийлүүлэгдээд байна. 


Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг өнөөдөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид тус тус хүлээлгэн өглөө. 


Тус арга хэмжээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга, ноён Жулиен Марион, БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Десотел группийн ерөнхий захирал, ноён Жером Десотел, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаны хүмүүс оролцсон юм.  


Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төслийн I үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлж, Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын 4 төрлийн 42 ширхэг автомашин нийлүүлэгдсэн. Тус автомашинуудыг төв, орон нутгийн анги, байгууллагад хуваарилан, үүрэг гүйцэтгэснээс хойш 6500 орчим  гал түймрийн дуудлагаар ажиллаж, 5100 орчим иргэний амь нас, 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Харин II шатны төслийн хүрээнд гал түймэр унтраах тусгай зориулалтын 42м урттай автомеханик шатны автомашин 5, 32м урттай автомеханик шатны автомашин 10, хөөсөөр гал түймэр унтраах автомашин 3 буюу нийт 18 автомашин нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувьд хүрэх юм. Өнөөдөр ийнхүү төслийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2 автомашиныг хүлээн аваад байна” гэлээ. 


Төслийн хүрээнд  нийлүүлэгдсэн эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар  цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм.  Онцгой байдлын байгууллагад 42 метр  урттай  гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж, ийнхүү үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.