what3words-р аюул ослын байршлыг зөв илэрхийлье: Онцгой байдлын байгууллагын хариу арга хэмжээнд тулгарч буй хаяг байршлын асуудлыг what3words технологийг ашиглан шийдвэрлэх боломж бүрдлээ

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ санаа, бүтээл, дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох what3words буюу 3 үгт хаягжилтын системийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд төв , орон нутгийн онцгой байдлын байгууллагын холбогдох 600 гаруй мэргэжилтнүүдэд цахим сургалтыг хэсэгчлэн зохион байгууллаа.

Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэрт тохиолдсон аюул, ослыг цаг алдалгүй тогтоох нь чухал бөгөөд тодорхой хаяггүйгээр олох нь тийм ч хялбар байдаггүй. Байгаль, цаг агаарын дулаарлаас шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын тоо төдийлөн буурахгүй байгаа нь жил бүрийн гамшгийн статистик тоон үзүүлэлтээс харагдаж байна. Жилд 4000-аас 5000 гаруй аюулт үзэгдэл ослын дуудлага ирдгээс 40 хувь нь хаяг байршил нь тодорхойгүй байдаг. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 3 үгт хаягийн системийг нэвтрүүлснээр аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олох боломж бүрдлээ.

what3words компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан байдаг. Жишээлбэл ///наадамч.номын.азтаны гэх мэт. Тус системд 3 үгт хаягийг 45 орны хэлээр ашигладаг тул Монгол улсад зорчиж яваа гадаадын жуулчид ч хаяг байршлаа төвөггүй илэрхийлэх боломжтой юм.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм. Энэхүү апп-г гар утасны төрлөөс хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

“what3words-г Онцгой Байдлын Ерөнхий Газрын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр  Монгол Улс Азидаа what3words-г яаралтай тусламжийн дуудлагад хүлээн авч буй анхны орон болж байна. Бид хэзээ эсвэл хаана яаралтай тусламж хэрэг болохийг хэлж мэдэхгүй. Аюул осол тохиолдоход яг хаана байгаагаа илэрхийлж чадахгүй байх нь ихээхэн хүнд байдалд оруулдаг. Тийм учраас бид иргэдийг гэнэтийн шаарлагатай нөхцөлд тодорхой хаягаа хуваалцахад бэлэн байлгах үүднээс what3words-н үнэ төлбөргүй апп-г татсан байхыг зөвлөж байна. Ашиглахад маш хялбар бөгөөд мессеж байдлаар ч 3 үгт хаягаа хуваалцах боломжтой учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд технологиор дамжуулан  төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

what3words үнэгүй апп-аа татаж, эрсдэлд бэлэн байцгаая.

Зургийн холбоос линк: https://w3w.page.link/8YBd

Нэмэлт мэдээлэл

Онцгой байдлын ерөнхий газрын тухай

Онцгой байдлын байгууллага нь улсын хэмжээнд гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг.

Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгаас хамгаалах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшиг судлалыг хөгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой. Үндэсний болон олон улсын хэмжээнд итгэл хүлээсэн, үйл ажиллагааны чадавхтай байгууллага болон хөгжих алсын хараатай юм.

what3words компанийн тухай

Их Британи улсын Лондон хотод 2013 онд үүсгэн байгуулагдсан what3words нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3х3м дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгт хаягжилтыг оноож өгснөөрөө давуу талтай шинэлэг хаягжилтын технологи юм. 3 үгт хаягжилтыг what3words-н гар утасны үнэ төлбөргүй апп болон онлайн газрын зургийн тусламжтайгаар 45 хэл дээр ашиглах боломжтой.

what3words-н 3 үгт хаягжилтыг ямар ч төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой бөгөөд энэхүү технологийг хаяг байршил заасан бүх мэдээлэлд нэмэлтээр ашиглах бүрэн боломжтой.

Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet зэрэг олон улсын нэр хүндтэй компаниудаас гадна Монгол улсад Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Шуудан, Худалдаа Хөгжлийн Банк гэх зэрэг үндэсний хэмжээний томоохон хувийн болон төрийн байгууллагууд ашиглаж байна.

Ашиглах зураг болон видео:

Зураг болон үндсэн видеог энэ холбоос руу орж татаж авна уу.

Та олсон 3 үгт хаягаа what3words программ ашиглан мессежээр илгээх эсвэл утсаар бидэнд хэлснээр таны байршлыг шуурхай тогтооход цаг алдалгүй танд туслах болно.