Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, Дархан-Уул аймгийн нутгаар шороон шуурга шуурсан.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-20-нд говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, “Замын-Үүд 1 өртөө”-ны 1 дүгээр зам дээр тус аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоот зөрлөгөөс БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан Улаанбаатар төмөр замын 2304 дугаарын зүтгүүрийн 586 дугаар тэвшин дээр нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 7,5 км зам туулан 20:18 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Орбит”-ын 15 дугаар гудамжны 238 тоот иргэн Ц-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 05:36 цагт хүрэлцэн очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо”-ны 35 дугаар гудамжны 12 тоот Иргэн С-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 17:03 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.    

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт:Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, Ө-46081I 00//, У-98095I00/// 05.16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.16-ны өдрийн 20:00 цагт  ООГХ-ээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Мөнхнасангаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төв багийн “Эхэн нутаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т, Ө-45097I 00//, У-112049I00// 05.16-ны өдрийн 20:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.16-ны өдрийн 20:40 цагт ООГХ-ээс цахим хаяг болон радио станцаар мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б.Ёндонгоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Наран сумын Досонгийн гол багийн “Хашаатын булаг” гэдэг газар Иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /17 настай, эрэгтэй/ нар 05.15-ны өдрийн 20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.16-ны өдрийн 01:30 цагт “Цагаан-Энгэр” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 16 км-т/ малаа хайгаад явж байхад нь эсэн мэнд олсон тухай аймгийн Онцгой байдлын газраас 09:30 цагт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороо, Иргэн А /13 настай, эрэгтэй/ 05.14-ний өдөр 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 5 мотоцикл, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, 2 автомашинтай, ар гэрийн 5 хүн, 1 автомашин, 1 мотоцикл, нийт 23 хүн, 5 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 05.16-ны өдрийн 09:20 цагт Мөрөн суманд төрсөн эгчийндээ ирсэн байна гэсэн мэдээллийг хүлээн авч эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний 4 замын уулзварын  хойд талд дулааны шугам сүлжээний худагт цогцос байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2.5 км зам туулан 13:47 цагт очиж, хаяг, нэр, нас нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top