Ард түмний амар амгалангийн төлөө зүтгэсэн 50 жил

59825895_2698314623576257_27782408271036416_n.jpg

Б.Оюунжаргал

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Аврах 105 дугаар ангийн түүхт 50 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Тус анги нь 1969 оны гуравдугаар сард “Түймэр эсэргүүцэх агаарын харуул”-ын алба нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй аж. Анги руу ороход алт мөнгөн цомнуудыг өрөөд тавьчихсан “Алдарын танхим” нүдэнд тусна. Энэ ангийн аврагчдаас спортын алдартнууд олон байдаг юм байна. Аврагчдын дунд зохион байгуулагддаг жагсаалын болон сагс, волейболын тэмцээнүүдэд тэдний хамт олон гол төлөв манлайлдаг юм билээ. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Өлзийсайханы Батзул энэ ангийн алба хаагч ажээ. Мөн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат Аврах анги 105-д алба хааж байсан гэнэ. Аврах 105 дугаар ангийн алба хаагчид байгуулагдсан цагаасаа хойш 1.6 га ой, хээрийн түймрийг унтраан, 115мянган хүний амь насыг аварч, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 5000 гаруй удаагийн дуудлагаар эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулж, байгуулагдсан цагаасаа хойш нийслэлийн хэмжээний үеэр, ус, гал түймэр, зуд үйлвэрийн осол болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдпого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн малын гоц халдварт өвчин зэрэг 20 гаруй төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар эрэн хайх, аврах хор уршгийг арилгах хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажилласаар иржээ.

Ойн арга хэмжээнд ОБЕГ- ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан, ЗХ-ний бэлтгэл хурандаа  Г.Чулуун нар оролцлоо.

Г.ЧУЛУУН: АВРАГЧИД “АРД ТҮМЭН МИНЬ АМАР АМГАЛАН БАЙГААСАЙ” ГЭСЭН БОДОЛ ДАРААТАЙ ЯВДАГ ЮМ

(ЗХ-ний бэлтгэл хурандаа, Нийслэлийн аврах  анги 105-ын  анхны дарга)

“Би 1969 оноос эхлэн 15 жил тус ангид удирдах алба хашиж байсан түүхтэй. 1994 онд тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш “Ой хээрийн түймэртэй тэмцэх инженерүүдийн холбоо” гэж ТББ байгуулсан. Энэ байгууллагаараа дамжуулан залуу хойч үедээ ой, хээрийн түймэр унтраах тактик, сургалт зохион байгуулах ажлыг хийдэг. 50 жилийн дараах өөрчлөлт шинэчлэлтийг харахад таатай байна. Нийслэлийн аврах анги 105  хүн хүч, техник болоод алба хаагчдын ур чадвар дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах болсон нь маш том ахиц дэвшил. Аврагчид “Ард түмэн минь амар амгалан байгаасай” гэсэн дараатай явдаг юм.

Ш.МЭНДСАЙХАН: АЛБА ХААГЧДАА ГАДААДАД СУРАЛЦУУЛЖ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГААС СУРАЛЦУУЛНА

(Нийслэлийн Аврах  анги 105-ын захирагч, дэд хурандаа)

“Бид  нэн түрүүнд алба хаагчдынхаа нийгмийн байр байдлыг, ажлын хувцас, багаж техникээр бүрэн дүүрэн ханган ажиллаж байна. Алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайтар бүрдүүлэн ажиллаж байгаа. Цаашид маш том зорилтот ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Үүний нэг нь алба хаагчдаа гадаадад суралцуулж, олон улсын туршлагаас суралцахыг зорилт болгон ажиллаж байна. Сүүлийн үед амиа хорлох буюу өндрөөс унах тохиолдол их бүртгэгдэх болсон. Энэ тал дээр алба хаагчдаа  сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, аврах тактик зэрэг  арга зүйд  бэлтгэж байгаа.

Энэ үеэр олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан алба хаагчдыг Ерөнхийлөгч, Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний шагналаар алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Иргэдийн зүгээс ч мөн талархал хүндэтгэлийн мэндчилгээ цөөнгүй ирж байсан юм. Энэ баярт өдрийг тохиолдуулан Аврах анги 105-ын аврагч X.Хашболд “Онцгой байдлын албанд амь биеэ үл хайрлан өргөсөн тангарагаасаа буцахгүй зүтгэж байгаадаа бахархдаг. Хэдийгээр амрах цаг хомс ч хамт олны хамтын хүчээр бүхнийг даван туулдаг. Миний хувьд 2016 онд НҮБ- ын Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Тэр үеэр хамт олон гэдэг ямар чухал вэ гэдгийг ойлгосон. Эрэл хайгуул хийж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж байгаа нь буянтай үйл хэрэг гэж боддог. Бие биенийхээ талархал хүндэтгэлийн үгээр үргэлж хурцлагдаж байдаг хүмүүс бол аврагчид шүү дээ” гэдгийг онцолсон юм. Ийн 50 жилийн түүхийг бичсэн Нийслэлийн аврах анги 105-ын ойн арга хэмжээ олон хүнд урам зориг хайрлаж, эх түүхийг эргэн дурсаж, тэдний үнэлж баршгүй их үйлсийг алдаршуулсан “онцгой” нэрээр овоглосон мөрдөс нэгтэй баатруудын баярын өдөр бахархал, яруу алдараар дүүрэн болж өндөрлөсөн юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2019.05.13

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top