Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говийн аймгуудын нутгаар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, Увс нуурын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.


2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 21.48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан цагт 21.54 очиж, “Алтангадас” ХХК-ийн эзэмшлийн төмөр чингэлэг /20 тонн/ шатаж байсныг 10 мнут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 14:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 14:06 цагт очиж, иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан цагт 15.53 очиж, иргэн Э-гийн 18х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэгт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай ажилласан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байн гэсэн дуудлагыг 05.10–ны өдрийн 18:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 18:19 цагт очиж, иргэн П-гийн 9х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7 дугаар байрны автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 02.59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 03:05 цагт очиж, иргэн А-гийн эзэмшлийн “Приус-41” загварын суудлын автомашин 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 05:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 06:02 цагт очиж, 2х2 хэмжээтэй амбаар, “Алтоеф” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон  багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 58 алба хаагч, ҮАБ-ын 30 алба хаагч, НОБГ-ын 50 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Батширээт сумын 8 иргэн, Биндэр сумын 12 иргэн, нийт 207 хүн, 16 автомашин, 12 морьтойгоор 19 бүлэгт хуваагдан түймрийг унтраахаар ажиллаж байна. 05.07-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурманд оруулсан боловч 05.08-ны өдрийн 14:37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр дахин түймэр орж ирсэн. 05.10-ны өдрийн байдлаар Хилийн 778 тэмдэгтээр орж ирсэн түймрийг цурманд оруулж, 779 дүгээр тэмдэгтээр орж ирсэн түймрийг унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн хошууч Г.Галтзулаар ахлуулсан ҮАБ, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар, НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаар ахлуулсан НОБГ-ын алба хаагч нар Хилийн 775 дугаар тэмдэгтэд гарсан түймрийг унтраахаар ОХУ-ын талд тус тус ажиллаж байна. Мөн “Гутайн давааны овоо” гэдэг газраас “Тулгатын-Эх” гэдэг газар хүртэлх цурмыг Батширээт сумын Онон багийн Засаг дарга Г.Мөнхцэцэгт хүлээлгэн өгч, орон нутгийн иргэд цурмыг манаж байна. /Урьдчилсан байдлаар түймэрт өргөн 17 км, урт 20 км орчим талбай шатсан./

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Яст гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Орон нутгийн 12 иргэн, 5 мотоцикл, 2 морьтой 05.09-ний өдрийн 15:13 цагт   түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэж 05.10-ны өдрийн 08:00 цагт очиход өргөн нь 300 метр, урт нь 2 км-ын хэмжээтэй талбай шатаж, түймэр унтарсан байсан. Түймрийн голомтод 05.09-ний өдрөөс 05.10-ны шилжих шөнө 10-15 см зузаантай цас орсон тухай тус сумын Тамгын газрын дарга Б.Энхтүвшин аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Эг даваа” “Хөх хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60-70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 7 мотоцикл, 7 морьтойгоор ажиллаж 05.09-ний өдрийн 22:00 цагт “Эг даваа” гэдэг газрын түймрийг цурманд, “Хөх хад” гэдэг газрын түймрийг 05.10-ны өдрийн 04:00 цагт тус тус цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан. Түймрийн голомтод 05.09-ний өдрийн 21:30-22:00 цагийн хооронд бороо орсон.

Хээрийн түймэрБаян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 100 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан бөгөөд Хилийн 0285 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн 1 автомашинтай ажиллаж  мөн өдрийн 23:00 цагт  унтраасан боловч салхины хүч 8-10 м/с хүрсний  улмаас дахин ассан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 33 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж байна. 05.09-ний өдрийн 14:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 05.10-ны өдрийн байдлаар түймрийн голомтод салхи 10-12 м/с, газрын хөрс дэх хөвдөнд уугилттай байна. /Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан./   

Ой, хээрийн түймэрХэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 51 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Норовлин сумын 36 хүн, нийт 151 хүн, 11 автомашин, 13 морьтой ажиллаж 05.07-ны өдрийн 11:16 цагт түймрийг цурманд оруулсан. 05.10-ны өдрийн байдлаар тус сумын Засаг даргын орлогч Ө.Даваажаргалаар ахлуулсан 11 иргэн, 3 морьтой цурмыг манаж ажиллаж байна. /Урьдчилсан байдлаар түймэрт өргөн нь 3 км, урт нь 5 км-ын хэмжээтэй талбай шатсан./ Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 1 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашиныг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Чанцалын шийдвэрээр түймрийн голомтоос аймгийн төвд татан авчирсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Шовголдой” гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км-т, Ө-46039’00”, У-115001’00”/ 05.10-ны өдрийн 22:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.10-ны өдрийн 22:35 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн дарга Ц.Энхцэцэгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн.  

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтад багийн “Хотгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/ Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын харьяат иргэн Э /65 настай, эрэгтэй/ 05.08-ны өдрийн 01:00 цагийн орчимд иргэн Ж-гийхээс гэртээ харих гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, 10 автомашин, нийт 47 хүн, 11 автомашин, 5 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.10-ны өдрийн 22:11 цагт тухайн айлаас урд зүгт 1 км-т “Хотгорын уурхай” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Баян-Өндөр, Өлзийт, Зүүнбаян-Улаан сумын Батхаан, Дэвшил багийн “Ар үзүүр”, “Зүүн мойлт”, “Хар толгой”, “Бор хошуу”, “Гүнд хайрхан” гэдэг газар тус сумын харьяат малчин Т /63 настай, эрэгтэй/, малчин Б /41 настай, эрэгтэй/, малчин Н /35 настай, эмэгтэй/, малчин Н /34 настай, эрэгтэй/, Г /1 настай, эрэгтэй/ нар 05.10-ны өдрийн 14:00-20:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон. Мөн Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус 20” загварын /4 зорчигчтой/ суудлын автомашинтай иргэд цасан шуурганд төөрч сураггүй болсон тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 20:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 15 албан хаагч, нийт 24 хүн, 5 автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 05.11-ний өдрийн 05:50 цагт  малчин Н /34 настай, эрэгтэй/, Г /1 настай, эрэгтэй/, 06:30 цагт малчин Т /63 настай, эрэгтэй/, 05:40 цагт малчин Б /41 настай, эрэгтэй/, Н /35 настай, эмэгтэй/  нарыг тус тус эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Баянжаргалан сумын Хашаат гэдэг газар /Сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ малчин Ц /49 настай эрэгтэй/, А /30 настай, эрэгтэй/, Б /28 настай эрэгтэй/ нар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 7 иргэн, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Цасанд суусан: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн Наадмын булаг гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ “Королла” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашин, мөн тус аймгийн Тарагт сумын “Алтантал” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ “Портер” загварын /5 зорчигчтой/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 алба хаагч, нийт 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, 05.11-ний өдрийн 01:30 цагт “Портер” загварын /5 зорчигчтой/ ачааны автомашиныг, 07:50 цагт “Королла” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашиныг тус тус цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top