Өвлийн цагт утаа ярьдаг “зуны цагт ой мод”-оо…

ff5762111d50655171c2b2c8f8b32998.jpg

Зун цаг айлчлан ирж байгаа энэ өдрүүдэд хүмүүсийн сэтгэл тэнийж, амралт зугаалга, аялал хийх нь ихэсдэг. Хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн гал түймрийн дуудлага холбогдох байгууллагаас тасраагүй.

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй гал түймэр зуслангийн газруудад ч гарч нэлээд хэдэн айл байшин, хашаагаа галд өргөв. Үүнээс хамгийн их хохиролтой нь ой хээр, ой модонд гарсан түймэр. Мөнгө нь л байвал  байшин, хашааг  дахиж босгоход асуудал биш. Харин ойжуулах ажил бараг хийгдэхгүй байгаа манай улсад ой модоо галд өргөх нь нөхөж баршгүй гарц хохирол. Дэлхийн банкнаас гаргасан тооцооноос үзэхэд дэлхийн ой модны нөөцийн бараг тал хувь нь сүүлийн 30 жилд устжээ. Манай орны ойн бүс нь мөнх цэвдгийн хэмжээ хадгалах, говь цөлийн түрэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зэрэг ач холбогдолтой. Харамсалтай нь хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан манай оронд ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасчээ.

Заган ойг хасвал нийт нутгийн 6.7 хувийг эзэлж байгаа аж. 1970-аад оноос загийг говийн төв суурин газрын түлшинд их хэмжээгээр бэлтгэснээр 125 мянган га газрын заган ой бүрэн устаж, 370 мянган га газрын га байгалийн нөхөн сэргээлтийн чадвараа алдсан гэдэг. Түүнчлэн 500-гаад мянган га газрын заган ойн экологийн үүрэг буурч, элсний нүүлт хөдөлгөөн ихэвхжсээр, цөлжилт түрэх бас нэгэн шалтгаан болжээ. Энэ мэтчлэн хүмүүс бид өөрсдөө цэвэр агаар болсон ой модоо үгүй хийж байгаа гэдгийг хэзээ ухаарч, ойлгох вэ?

Өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 0.2 сая га ой, 13.8 сая га бэлчээр, нийт 14.0 сая га талбай түймэрт өртөж, байгаль экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Эдгээр гарсан гал түймрийг онцгойгийнхон “улаан гараараа” унтраадаг гээд хэлчихэд буруутахгүй. Тэдэнд ганц ч нисдэг тэрэг байхгүй. Ер нь манай улсад түргэн шуурхай арга хэмжээ авах асуудалд хэрэглэх нисдэг тэрэг байдаггүй гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Он гарснаас хойш 48 ой, хээрийн түймэр гарсан бөгөөд ОБЕГ-ын алба хаагчид цаг тухайд нь унтраасан. Харин  2017, 2018 онд нийт 302 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 1.1 сая га газрыг хамарсан бөгөөд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тооцоог гаргасан байдаг. 

Өвлийн цагт утаа гэгчийг бүх нийтээрээ авч хэлэлцдэг байж ой модоо ярих хүн ганц ч алга. Ой модтойгоо үлдэж байж цэнгэг агаараар амьсгалж, үгүй ядаж өвөлдөө ганц хоёр цаг очиж агаарлах газартай байна гэдгийг өдгөө сургуулийн сурагчид бүр мэдэх наад захын асуудал болсон.

Эх сурвалж: dorgio.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top