Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмлол үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус,  Идэр, Тэс, Хараа, Ерөө  Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй.  Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 8, 9-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-ноос дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн-Ам, “Богд хан” амралтын газрын баруун талд Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 14:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 14 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 14:50 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт 1.7 орчим га талбай шатсан/.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 08:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 08:10 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт 20 боодол өвс, 1 тонн аргал шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 08:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 08:50 цагт очиж, 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд эзэнгүй амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 10:33 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 32.5 км зам туулан 11:02 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “ Салаа” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 25  км-т/ бууц  шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтайгаар 20 км зам туулан 12:37 цагт очиж, 2 цаг 23 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Агуйт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 14:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,7 км зам туулан 14:51 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 10 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 61 алба хаагч, ҮАБ-ийн 65 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, “Онон-Балж” тусгай хамгаалалтын газрын 11 ажилтан, Батширээт сумын 102 иргэн, Биндэр сумын 154 иргэн, Баян-Адарга сумын 12 иргэн, ОББ-ын 230 алба хаагч, 12 автомашин, нийт 508 хүн, 61 автомашин, 46 морь, 4 мотоциклтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. 04.04-ний өдрийн 21:40 цагийн байдлаар түймрийг бүрэн хяналтандаа авсан. ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 3, нийт 6 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 01:03 цагт Хэрлэн Улаанбаатарын чиглэлд нисч, 14:25 цагт буусан.

Булган аймгийн Тэшиг сумын Эринбагийн “Мухар жалга” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, 2 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, ОББ-ын 86 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 4 алба хаагч, орон нутгийн 34 иргэн, нийт 124 хүн, 8 автомашин, 21 морьтой ажиллаж, 05.01-ний өдрийн 22:53 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн “Булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ “Камаз” загварын тоноглогдсон автомашин автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг 05.04-ний  өдрийн 20:28  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2 км зам туулан, 20:31 цагт очиход жолооч П /55 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хөл нь хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ УБТЗ-ын 300 дугаар зогсоолд зуслангийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт УБТЗ-ын 300 дугаар зогсоолд очоод сураггүй болсон.  04.23-аас 04.27-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон, 05.03-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах хүсэлт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 10 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж, 05.04-ний өдөр тус багийн “Баянбуурал”-ын гүүрнээс зүүн хойд зүгт төмөр замын 290 дүгээр зөрлөг хүртэл “Хараа” голын эргээр 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 20:19 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 0,5 км-т/ иргэн М-ийн гэрээс тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.29-ний өдрийн 00:00 цагт гараад сураггүй болсон дуудлагыг 05.02-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас “Өргөө” гэдэг газар хүртлэх “Орхон” гол дагуу усаараа 30 км-т, явганаар 18 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:42 цагт зогсоосон. 05:05-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 12:53 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 21 км зам туулан 13:17 цагт очиход иргэн Э /41 настай, эрэгтэй/ 3 метр гүн нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top