Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. 16-18 градус дулаан байна.           

Төлөв байдал: 7-нд баруун, төв, говийн аймгуудийн нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 11:20 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.5-ны өдрийн 11:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 11:40 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 4х8 хэмжээтэй байшингийн дээвэр, 1.5х1.5 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 17:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 17:41 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 04:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4,5 км замыг туулан 04:35 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.   

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 10 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 61 алба хаагч, ҮАБ-ийн 65 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, “Онон-Балж”-ын байгалийн цогцолбор газрын  тусгай хамгаалалтын захиргааны 11 ажилтан, Батширээт сумын 102 иргэн, Биндэр сумын 154 иргэн, Баян-Адарга сумын 12 иргэн, ОББ-ын 230 алба хаагч, 12 автомашин, нийт 509 хүн, 61 автомашин, 46 морь, 4 мотоциклтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. 04.04-ний өдрийн 21:40 цагийн байдлаар түймрийг бүрэн хяналтандаа авсан. ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 3, нийт 6 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 13:03 цагт Хэрлэн- Улаанбаатарын чиглэлд нисч, 14:25 цагт буусан. 05.05-ны өдрийн байдлаар Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Гутайн даваа”, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Арангатайн даваа”, “Улиастай” гэдэг газрын чиглэлд, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын алба хаагчид “Гутайн даваа”-ны хойд талд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Өвөр хашлиг”, Батширээт, Биндэр сумын иргэд “Аргуу-Ямаалзай”, “Амгалантын гол” гэдэг газруудад тус тус ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Эринбагийн “Мухар жалга” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, ОББ-ын 86 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 4 алба хаагч, орон нутгийн 34 иргэн, нийт 124 хүн, 8 автомашин, 21 морьтой ажиллаж, 05.05-ны өдрийн 21:00 цагт унтраан баруун талыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчны улсын байцаагч О.Мөнх-Эрдэнэ, зүүн талыг Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн Засаг дарга Ө.Мөнхтүвшин нарт хүлээлгэж өгсөн. Уг түймэрт 280 га талбай шатсан.

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашинтай, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 34 иргэн, Дадал сум дахь “Онон Балж”-ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, Дадал сумын 8 иргэн, нийт 72 хүн, 5 автомашин, 6 мотоциклтой ажиллаж 05.05-ны өдрийн 22:16 цагт цурманд оруулсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ УБТЗ-ын 300 дугаар зогсоолд зуслангийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт УБТЗ-ын 300 дугаар зогсоолд очоод сураггүй болсон.  04.23-аас 04.27-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон, 05.03-ны өдөр ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах хүсэлт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 10 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж, 05.05-ны өдөр тус багийн “Баянбуурал”-ын гүүрнээс зүүн хойд зүгт төмөр замын 290 дүгээр зөрлөг хүртэл “Хараа” голын эргээр 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 0,5 км-т/ иргэн М-ийн гэрээс тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.29-ний өдрийн 00:00 цагт гараад сураггүй болсон дуудлагыг 05.02-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Цагдаагийн газрын 22 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.05-ний өдрийн байдлаар  “Өргөө” гэдэг газраас зүүн тийш Орхон голын усаар 35 км, голын эрэг дагуу 15 км явганаар, мөн Бэлэн далай багийн Шийрийн бригадаас Төмөр замын 42 дугаар зөрлөг хүртэл 90 км-т автомашинаар   эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:42 цагт зогсоосон. 05:06-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top