Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, ихэнх нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч говь, талын нутгаар шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн саваар сэрүүсч 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 11:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:05 цагт очиж, иргэн Г.Мөнхжаргалын 6х4 метр, 3х3 метрийн хэмжээтэй 2 амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 12:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:33 цагт очиж, иргэн Д.Баясахын 5х4 метрийн хэмжээтэй байшингийн хана хэсэг, 0.5 га газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багт Түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 13:46 цагт очиж, иргэн Ц-гийн 3 м3 түлээний мод шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн “Чандмань-Илч” ХХК-д нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 14:08 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 15:10 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:01 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.02–ны өдрийн 18:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:24 цагт очиж, ашиглагдахаа больсон гахайн байрны дээврийн хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 01:33 цагт очиж, иргэн М-ийн 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 02:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 02:19 цагт очиж, эзэн нь тодорхойгүй 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 9 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 61 алба хаагч, ҮАБ-ийн 65 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Батширээт сумын 131 иргэн, Биндэр сумын 139 иргэн, “Онон-Балж” тусгай хамгаалалтын газрын 11 ажилтан, нийт 464 хүн, 49 автомашин, 33 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 24400 га ой шатсан. Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, /2 бүлэг түймрийн голомт руу автомашинаар явна/, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин нийт 46 алба хаагч, 4 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар орон нутгаас хөдөлгөөн үйлдэж замдаа явж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн “Мухар жалга” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км-т/ Монгол Улсын хилийн 477-480 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 4 алба хаагч, 05.01-ний өдрийн 23:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэж 05.02-ны өдрийн 14:30 цагт түймрийн голомтод очиж унтраахаар ажиллаж байна. 05.02-ны өдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ЗХ-ний 303 дугаар ангийн 4 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Булган, Орхон аймгийн алба хаагчдыг түймрийн голомтод хүргэх зорилгоор Булган аймгийн чиглэлд 12:20 цагт нислэг үйлдэж 13:45 цагт газардсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагчийг /2 удаагийн нислэг үйлдэж/ түймрийн голомтод тус тус хүргэж 19:20 цагт Булган аймагт буцаж газардсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 05.02-ны өдрийн 20:30 цагт ирж хоносон. 05.03-ны өдрийн 06:05 цагт Булган аймгийн төвөөс нисдэг тэрэг хөөрч Хутаг-Өндөр суманд 07:00 цагт газардаж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг авч 07:04 цагт хөөрч түймрийн голомтод 07:40 цагт газардсан. 05.02-ны өдрийн 21:00 цагт түймрийн зүүн болон баруун хэсгийг цурманд оруулж унтраасан, урд хэсгийг унтаахаар ажиллаж байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж мэдэгдсэн. Түймрийн голомтод нийт 95 алба хаагч, 1 нисдэг тэрэг, 1 автомашин, 4 морьтойгоор ажиллаж байна.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч орон нутгийн 14 иргэн, 2 автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт түймрийг бүрэн унтрааж, түймэр дахин гарахаас сэргийлж цурмыг манаж хоносон. Түймэрт 6 га талбай шатсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр”-ний урд /сумын төвөөс урд зүгт 2 км-т/ Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Чариот” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Приус-11” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 23:05 цагт очиж, “Чариот” загварын суудлын автомашины бүхээгт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн Р /37 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг 40 минут ажиллаж эсэн мэнд гарган Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Галбирт” гэдэг газар /Сумын төвөөс урд зүгт 59 км-т, Ө-46041’00”, У-115011’00”/ 05.02-ны өдрийн 19:12 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 19:24 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Т.Төмөрбаатар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Хулан /11 настай, эмэгтэй/ Ерөнхий болвсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болсон бөгөөд тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Наранбаатараар ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар 04.30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн 05.01-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 74 хүн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.02-ны өдрийн 16:40 цагт тус сумын Цэнгэл багийн “Цэнгэл” гэдэг газраас /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ малчин Д-гийнхээс эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

scroll to top