Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орж Баянхонгор, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:  22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-24-нд нутгийн төв хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно.  Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн 06.20-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:42 цагт очиж, иргэн Б-ын 5 ханатай гэр, 10х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.      

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн “Замын-Үүд сум дахь Гаалийн газрын ачаа тээврийн автомашины шалгах рентген цогцолбор”-ын хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:18 цагт очиж, иргэн Б-ын “Хьюндай” загварын том оврын ачааны автомашины моторын хэсэг шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.   

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 21:22 цагт очиж, иргэн Т-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ны өдрийн 04:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04.34 цагт очиж, иргэн Б-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т, Хялганат тосгоноос баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ, Хангал сумын иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулж, 06.20-ны өдрийн 12:00 цагт унтраасан.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Шар чулуут” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 245 км-т, сумын төвөөс  баруун зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан мэдээллийг 06.17-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 20:10 цагт цурамд оруулж, 06.20-ны өдрийн 12:00 цагт унтраасан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Буриадын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 188 км, сумын төвөөс  баруун зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлж 06.20-ны өдрийн 11:45 цагт Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 06.19-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Илчлэгийн гол” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Ө-49°3’45.94”, У-107°30’7.13”/ www.fires.ru сайтад 06.19-ний өдрийн 10:30 цагт ойн түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, “Хандгай нуруу” ХХК-ийн ажилтнууд унтраахаар ажиллаж байна.  

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер бийч” амралтын газрын хойд талд “Туул” голд хүн живж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 17:47 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/, Г /13 настай, эрэгтэй/, Т /13 настай, эрэгтэй/ нарын цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Булган аймгийн Могод сумын 8 багийн 27 өрхийн 28 гэр, 2 байшин /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ 06.19-ний өдрийн 17:05-18:20 цагийн хооронд хүчтэй салхи /15-30 м/с/-ны улмаас 8 багийн 27 өрхийн 28 гэр, 2 байшин нурсан тухай мэдээллийг 06.20-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.  Мэдээллийг тус сумдын Засаг дарга нар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн “Жоглой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ 06.19-ний өдрийн 16:00-17:00 цаг хооронд хүчтэй салхи /17-25 м/с/-ны улмаас 3 өрхийн 3 гэр нурсан мэдээллийг 06.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Нэргүйбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.    

Дундговь аймгийн Адаацаг сумын Тавин багийн “Хонгор”-ын Задгайд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ 06.20-ны өдрийн 21:00 цагийн орчим хүчтэй салхи /20-27 м/с/-ны улмаас 4 өрхийн 4 гэр нурсан тухай мэдээллийг 06.20-ны өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Уранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top