Үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна

7 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Онги, Цагаантуруут, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Турган, Харбут, Сагсай, Чигэртэй, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, ус судлалын Буянт-Ховд, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэх тул:

Үүнд:

· Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.

· Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.

· Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.

· Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

· Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

scroll to top