Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд дэмжлэг үзүүлж байнга хамтран ажилладаг Монгол Улсын Засгийн газар, гамшгаас хамгаалах улсын албад болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тусалж дэмждэг улс орон, олон улсын байгууллага, энэ байгууллагад ажиллаж байсан үе, үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, нийт албан хаагчид, хамтран зүтгэгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

   Та бидний хамтран бүтээсэн түүхийн он жилүүдэд тус албаны удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин тогтвортой бүрэлдэж, бие бүрэлдэхүүний ур чадвар, техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадал  нэмэгдэн албаны чадавх эрс дээшилж, Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн хүчирхэг алба болон хөгжиж ирлээ.

   Цаашид ч Онцгой байдлын байгууллага маань бүс нутгийн, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг улам чадварлаг алба болон бэхжих нь дамжиггүй юм.

   Түүнчлэн бид мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараар нийгэмдээ тэргүүлэгч, манлайлагчид байж, өнөөдрийн түвшинд хүрсэн ололт, амжилтаа бататгаж, төр, ард түмэндээ нээлттэй, хүртээмжтэй байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх болно.

   Улс орны тэргүүлэх салбар нь болсон онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг та бидний бахархал, нэр төрийн хэрэг бөгөөд өндөр үүрэг хариуцлага юм.

   Албаараа, ажил мэргэжлээрээ омогшин бахархсан, эрэлхэг зоригт эрхэм үйлсээрээ үлгэрлэн манлайлагч эх орны хөвгүүдтэй энэ цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа туйлын бахдалтай байна.

Эгэл аврагчийн халуун зүрхэнд эх орон нь бүтнээрээ багтдаг юм.

Монгол Улсынхаа төлөө зүтгэе.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН