П.Чимэдцэрэн: Химийн ослын үед шуурхай арга хэмжээ авах “WISER” системийг нэвтрүүлээд байна

0

    Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр химийн хорт бодисын хэрэглээ нэмэгдэх болсон. Улмаар чанаргүй, баталгаагүй, хадгалалт, ашиглалтын горим зөрчигдсөн хууль бус хэрэглээнээс үүдэлтэй осол сүүлийн жилүүдэд нийт 143 удаа тохиолдож, ослын улмаас 23 хүн амь насаа алдан, 204 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Тиймээс Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд химийн ослын үед ашиглах  утасгүй интернет орчинд суурилсан WISER системийг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс нэвтрүүлээд байна. Энэхүү WISER системийн талаар ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, ахмад П. Чимэдцэрэнгээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

   -Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд химийн ослын үед ашиглах WISER системийг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү системийн онцлог юу вэ?

   Өнгөрсөн 2017 онд Химийн зэвсгээс хориглох олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Химийн ослын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт шаталсан гурван удаагийн сургалтад хамрагдсан. Энэхүү сургалтын үр дүнг буюу “WISER” системийг Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг 2018 онд төлөвлөн ажиллаж, амжилттай хэрэгжүүлээд байна. Химийн ослын үед ашиглагдах “WISER” систем нь Онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах утасгүй мэдээллийн систем гэдгээрээ онцлог. Түүнчлэн  хими, биологи, цацрагийн аюултай материалаас үүдэлтэй ослын үед хортой материалтай харьцаж ажиллах алба хаагчдад зориулсан систем юм. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлтийн гол тулгуур нь аж үйлдвэрийн салбарын байдаг хэдий ч энэ салбар нь хими, цацраг, биологийн бодис материалтай салшгүй холбоотой. Гэхдээ хэрэглээний болон үйлдвэрлэлийн явцад осол болсон тохиолдолд хүн ам, байгаль орчин, эдийн засагт ноцтой хохиролыг дагуулдаг. Тиймээс химийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь химийн хорт бодисын эрсдэлийг бууруулах боломжтой юм.

 –Энэхүү системийг нэвтрүүлснээр химийн холбогдолтой ослын үед хурдан шуурхай арга хэмжээ авах боломж бүрдсэн гэж ойлгож болох уу?

    Бололгүй яахав. Уг систем нь утасгүй интернет орчинд суурилсан, ашиглахад хялбар, богино хугацаанд үр дүнгээ харах боломжтой. Мөн системийн мэдээллийн сангаас химийн бодисоос гадна, биологи, цацраг идэвхт бодисын холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой гэдгээрээ бусад системүүдээс давуу талтай. Тодруулбал, хими, биологи, цацраг идэвхт бодисын ерөнхий мэдээлэл, бодисын тодорхойлолт, физик, химийн шинж чанар, тухайн бодис материалтай харьцаж ажиллах үеийн хувийн хамгаалах хэрэгсэл, тухайн бодис материалын урвалын идэвх,  зөвшөөрөгдөх хэмжээ, үхэлд хүрэх тун, ослын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, устгал эмнэлгийн анхны тусламжийн мэдээлэл болоод байгаль орчинд нөлөөлөх байдал, хариу арга хэмжээний талаар гээд бүхий л мэдээллийг авах боломжтой.  Өмнө нь химийн ослын үеийн аюулын зургийг гаргахдаа “Химийн аюултай объектод осол гарах үеийн болзошгүй аюулын тархалтын бүсийн хэмжээг тооцоолох тоон аргачлал”-аар тооцоолдог байсан. Энэ арга нь нарийвчлал өндөртэй хэдий ч гамшиг, ослын үед ашиглахад цаг хугацаа их зарцуулдаг учраас шуурхай хариу арга хэмжээ авахад хугацаа алдах, ингэснээр аюулын түвшин ихсэх хүндрэл тулгардаг байсан. Харин энэ системийг нэвтрүүлснээр тухайн газар орны байршил, салхины чиг, хурд, алдагдсан бодисын нэр төрөл, хэмжээ, цаг агаарын нөхцөл зэргийн мэдээллийг оруулж химийн ослын аюулын тархалтын зургийг маш богино хугацаанд гаргаж, шуурхай арга хэмжээ авах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Энэ системийг гар утсандаа үнэгүй татаж аваад интернетгүй орчинд тухайн бодис материалын дээрх мэдээллийг харж ашиглах боломжтой.  Харин орон зайн мэдээлэлд суурилсан аюулын тархалтын зургийг гаргах тохиолдолд интернет орчинд холбогдсон байх шаардлагатай байдаг.

  -Мэдээж шинэ зүйлийг туршиж, нэвтрүүлнэ гэдэг шат дараалалтай ажлууд зохион байгуулах шаардлага тулгардаг. Уг системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанаас бас дурдвал?

   Тэгэлгүй яахав. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд энэхүү системийг нэвтрүүлэхийн тулд химийн ослын үед үүрэг гүйцэтгэдэг мэргэжилтэн, алба хаагчид өөрсдөө ашиглаж сурсан байх шаардлагатай. Энэ хүрээнд Үндэсний аврах бригадын  Уул уурхайн аврах анги,  НОБГ-ын Нийслэлийн аврах 105-ын алба хаагчдад дөрвөн удаагийн сургалтыг зохион байгуулсан. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, химийн бодис ашиглагч 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй хамтарсан хоёр удаагийн сургалтыг зохион байгуулаад байна. Энэхүү системийг туршилт хийсэн сүүлийн томоохон сургалт нь Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас  Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулсан “Уул уурхайд ашиглагдаж байгаа химийн ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх” сургалт, дадлага юм. Сургалт, дадлагын үеэр  “Химийн бодисын эрсдэлд суурилсан менежмент. Ослын үеийн удирдлаын үйл ажиллагаанд цахим программ хангамжийг ашиглах нь” сэдвээр онолын хичээл зааж, WISER системийг ашиглан аюулын зураглал гаргах штабын болон хээрийн дасгал сургуулилт хийсэн. Сургалтад хамрагдсан тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд энэхүү системийг ашиглах чадварыг эзэмшсэн.   

  -Химийн ослын үед WISER системээс гадна өөр ямар системийг ашиглах боломжтой байдаг  вэ?

   Олон улсад “AЛОХА”  системийг ашиглаж байна.”АЛОХА” систем нь химийн ослын үед  аюулын бүс нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хоруу чанар, шатамхай чанар, дулааны цацаргалт, даралтын нөлөөгөөр эвдрэл үүсэх зэрэг аюулын талбайг тодорхойлж өгдөг. Гэхдээ орон зайн мэдээллийн системд суурилсан интернэт орчинд ажилладаг. Энэ дашрамд  Гамшиг судлалын хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа Онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авахад ашиглах “WISER” системийг нэвтрүүлэх ажлыг дэмжиж тусалсан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга, хошууч Д.Содномрагчаа, Үндэсний аврах бригадын хамт олон болон нийт алба хаагчдадаа талархаснаа илэрхийлж байна.  

 

  Химийн ослын үед ашиглагдах “WISER” систем нь Онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах утасгүй мэдээллийн систем гэдгээрээ онцлог. Түүнчлэн  хими, биологи, цацрагийн аюултай материалаас үүдэлтэй ослын үед хортой материалтай харьцаж ажиллах алба хаагчдад зориулсан систем юм.

“Онцгой мэдээ” сонин