Энх цагийн баатар

0

   Эрдэнэсийн их уурхай үүдээ нээж,  эх орны өнцөг булан бүрээс Эрдэнэтийн зүг  тэмүүлэх залуусын цуваа тасраагүй үе. Өвөрхангайгаас наашилсан нүүдэл дунд тулгар эх дуншсаар…Мягмаржав жолоочийнх  зорьсон нутаг “Хялганат”-даа бууриа засан, ханаа дугуйлангуут мантгар цагаан  хүү төрөв.  Энэ хүү өдгөө дөчин насны босго алхсан шийдэмгий харцтай, нуруулаг сайхан  эр  болжээ. Түүнийг  Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Гал унтраах, аврах  58-р ангийн аврагч, багны мастер  М.Ганзориг гэдэг.

  Дөлгөөн Сэлэнгэ дэргэдүүр нь мяралзах үлгэрийн хотхон мэт үзэсгэлэнт Хялганат нутагт түүний  балчир нас өнгөрчээ. М.Ганзориг гялалзсан хөдөлгөөнтэй, дүрсгүйдүү ч хүнд тусархуу, зоригтой хүү байж. Сэлэнгэ мөрөн бага зэргийн үертэй тэр нэгэн өдөр  усанд сэлэн  шумбаж байтал  хүмүүс гэнэт хашгиралдаад явчихав. Түүнээс нэлээн зайтай жаалхан хөвгүүн живж харагдлаа. Эргэн тойронд  ус руу  орж зүрхлэх хүн байсангүй.  М.Ганзориг хамаг хүчээрээ  хурдлан сэлсээр очиж  бяцхан хүүг татан авч, голын эрэгт гаргаснаар  алтан амийг нь аврав.  Аврагч болох анхны гараа нь эндээс эхэлсэн буюу.  Дунд сургуулиа төгссөн даруй  аврагч, гал сөнөөгч шалгаруулж авах зараар очиж шалгуулан тэнцсэнээр энэ ангийн  “байлдагч” болов. Ард иргэдийнхээ  амь нас, эд хөрөнгө болон улсын онцгой объектыг авран хамгаалах   хүнд хүчир, амаргүй албанд  22 жил үнэнчээр зүтгэжээ. Ганц л жишээ дурьдахад 2004 онд  Хаягдлын аж ахуйн 1880 м-ийн урттай хоолой лагаар бөглөрөн битүүрч, даруйхан нээхгүй бол үйлдвэр зогсох аюул тулгарсан үе. Турбан дотор М.Ганзориг дөрвөн  аврагч,  Баяжуулахын  мастер Пүрэвдалайн хамт  орж лагийг хүрздэж, малтаж  явсаар… Шугам хоолойн тэхий дунд  очиход тэднийг  огт агааргүй орчин угтав. Хөдөлмөрийн аюулгүй байдлын албаныхан  хүний амь эрсдэх аюултай  тул ажиллуулахаа зогсооё гэсэн ч,  бүхий л хүчээ шавхсаар  хүнд байдлаас гарсан гэдэг.

  Ийнхүү хоёр сар “ноцолдож” байж тэд хоолойг онгойлгож, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай  ажиллагааг хангах үйлсэд  гавьяа байгуулсан. Чөмөг хага ташим идэр есийн жавартайд  мөсөн доогуур аврах ажиллагаа явуулах, усанд  осолдсон хүний цогцсыг харанхуй шөнөөр гаргах  гэхчилэн аврагчид тохиох хүндхэн ачаа,  бэрхшээлд  тэр сөхөрч, халширч үзээгүй. Энгийн нэгэн  сонсоход ч эвгүйцмээр  зүйлтэй нүүр тулахдаа  тэр ер сэжиглэж цэрвэж байсангүй. Төрийн алтан соёмбо харж яваа гэж итгээд л, өргөсөн тангарагтаа үнэнч ажил үүргээ чин шударгаар гүйцэтгэнэ. Аврагч  хүний мөн чанар, тэсвэр хатуужлын туйлыг түүнээс харж болох. М.Ганзориг тухайн цагт ангийн захирагч асан хурандаа С.Мөнхбатын гарын “цэрэг”. Аврагч тухайн нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, ажиллагааг хэрхэн гүйцэтгэх гэхчилэн их зүйлийг тэр хүнээс суралцаж. Хөлийг дөрөөнд, гарыг  ганзаганд хүргэсэн тэр ачтанд байнга талархаж явдаг юм билээ. Тусыг мартдаггүй  нь хүний мөс чанартайг нь илтгэнэ. “Энэ алба намайг хүмүүжүүлсэн. Ер нь л хатуухан үгэнд өрвөлздөг жаахан хөвгүүдийг цэргийн амьдрал, дүрэм журам цэгцэлж өгдөг. Эх оронч үзэл, монгол цэрэг гэх   бахархлыг эрхгүй төрүүлж, жинхэнэ эр хүнийг төлөвшүүлдэг гайхалтай алба” гэж эрс шулуухан хэлэхдээ тэрбээр өөрийн алба, ажил мэргэжлээрээ бахархаж буй нь илт байв. Тус ангийн аврагч Галын техник спортын Олон улсын хэмжээний мастер, сагс волейболын спортын мастер Ж.Болдбаатар агснаар бахархаж, цагаасаа эрт бурхны оронд заларсанд нь харамсаж явдгаа ярьсан.

  Ангийн захирагч А.Отгонбаяр, диспетчер С.Уранчимэг, нярав О.Тунгалагтамир нарын “онжав”-уудтайгаа мөр зэрэгцэн өдийг хүртэл ажиллаж яваадаа сэтгэл нь өег байдаг гэсэн. Энхийн цагт хөлс их гаргавал, дайны цагт цус бага урсана гэдэгчлэн залуусаа сургаж, дадлагажуулах, тэднийгээ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэлтэй болгон хүмүүжүүлэхэд тэр санаа тавьдаг. “Одоогийн залуус ухамсартай, боловсролтой, бас богино хугацаанд төлөвшиж байна. Нэг л гэм нь аргадуулах гээд байдаг” гээд инээмсэглэсэн.

     Тэр хүнд итгэсэн шиг итгэдэг, бас хүний итгэлийг даасан шиг даадаг нэгэн. Итгэл даахгүй нэгнийг зүгээр л орхичихдог. Худал ярьж, хоосон амлахыг огтоос таашаадаггүй зантай.
     Тэрбээр ажил үйлсээрээ шалгаран 2003 онд Гамшгаас хамгаалах хэлтсийн Хөдөлмөрийн аварга, 2011, 2014 онд Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн аварга, 2002, 2006, 2010 онд Гал түймэр унтраах ангийн хөдөлмөрийн аварга, 2008 онд Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, 2015 онд “Хөдөлмөрийн алдар” медаль, 2005, 2010, 2017 онд ОБЕГ-ын “Онцгой байдлын төлөө” 1,2,3-р зэргийн медаль, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, 2018 онд Онцгой байдлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ.
     Өдөр шөнийн аль ч цагт түгшүүрийн дохио, утасны дуудлагаар тушаал  авч “Мэдлээ, гүйцэтгэе” гэж  гараад  хэд ч хоногоор ажиллаж мэдэх эл  аврагчийн ар талд   “асаалттай танк” мэт зогсох бүсгүй бол Маналжавын Отгончимэг. Эднийх Г.Мөнхдөлгөөн, Г.Мөнххүслэн, Г.Галбаатар хэмээх гурван хүүтэй. Ар гэр, ахуй амьдралаа  найдвартай даагч “Дархан бэр” ханиараа бахархаж явдгаа ярьсан.

  Тэр хөвгүүддээ “эрдэм  номын мөр хөө, амь амьдралдаа арчаатай мэргэжил эзэмш” гэж  захидаг. Гэлээ ч ууган  хүүгийнхээ Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуульд суралцах санаатайг нь сонсоод сэтгэлдээ баяртай яваагаа нуусангүй. Эгэл даруухан атлаа эгэлгүй их гавьяатай энэ залуу  ханьдаа, үрсдээ төдийгүй зон олондоо түшиг тулгуур, нөмөр нөөлөгтэй жинхэнэ эр хүн, энх цагийн баатар. Өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч, ард иргэдийнхээ амь нас  эрүүл мэндийн төлөө мятаршгүй тэмцэгч, гуйвшгүй шударга  ийм л эрс жинхэнэ Монгол цэрэг байх хувьтай. Энх цагийн баатрууд, мөрдэст дайчид та бүхний  гэгээн үйлс буян болон хурах болтугай.

Эх сурвалж: ulsturch.mn