Нийслэлийн удирдах бүрэлдэхүүний сургалт боллоо

0

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” A/88  захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн удирдах бүрэлдэхүүний сургалтыг нийслэлийн Иргэдийн танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа агентлаг, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг дарга нарын нийт 200 гаруй удирдах албан тушаалтан оролцсон юм. 


Сургалтаар удирдах бүрэлдэхүүнд Гамшгийн удирдлага, Барилга байгууламжийн эрсдэлийн төлөв байдал, Гамшгийн эрсдэлийн удирдлагын эрх зүйн орчин, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал, Газар хөдлөлтийн үеийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр танхимын сургалт зохион байгуулагдаж, Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар танилцуулга хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.