Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүснэ. Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 14, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд ихэнх нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт”-ын 2 дугаар хэсгийн “Задгай”-д хуванцар савны үйлдвэрийн 60х13 хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 13:10 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багт 250 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 29 км зам туулан 12:47 цагт очиж мөн нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:13 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт хашаанд 720 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 18:03 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 00:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 00:25 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд тус сумын харьяат иргэн О.Өлзийдэмбэрэл /28 настай, эрэгтэй/ 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01:56 цагт шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2018.12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг 2018.12.12-ны өдөр хүртэл “Эг” голын усанд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсныг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2019.03.12-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 1 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 9 хүн, 3 автомашин, 1 завьтай, 03.12-ны өдрийн 13:20 цагаас эхлэн “Эг” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт түр зогсоосон. 03.13-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР