Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай, Булган, Орхон,Төв аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн цас орно, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи говь, талын нутгаар 10-нд 14-16 м/с, 11-13-нд 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 13-наас өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хэвлэлийн үйлдвэрийн агуулахад хаягдал цаас шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 20:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 20:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын  “Задгай”-д 3х2 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 16:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14 км зам туулан 17:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Задгай”-д 30х38 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 23:52 цагт очиж 2 цаг 43 минут ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Ил уурхайн осол:  Төв аймгийн Заамар сумын  Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсанаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж, 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс, 03.06-ны өдрийн 12:55 цагт иргэн Б-гийн цогцсыг ухаж байсан лаг шавар дотроос тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.07-ны өдөр нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороог зөөвөрлөх, усыг соруулах ажиллагааг 24 цагийн турш  зохион байгуулан, 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 20000 м3 ус соруулж, усны түвшинг 2.2 см-ээр багасгасан. Лаг шавар 4 м гүнтэй байна. Үндэсний аврах бригадын 2 аврагч 2 удаа шумбалт хийсэн. Эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 2 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. Нийт 7500 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 290555 м3 ус соруулан, 6938 м3 шороо тээвэрлэн, 9 аврагч 59 удаа шумбалт хийж, 1364 м2 талбайн зайрмагтсан мөсийг хагалж зөөвөрлөөд байна. 03.08-ны өдөр нурангид дарагдсан эксковатор орчмын 5000 м3 лаг шаварыг зөөвөрлөн гаргасан бөгөөд 7 усан хөөрөг 24 цагийн турш ажиллаж 1400-1500 м3 усыг соруулж гаргасан боловч ус булингартай шаварлаг, шороотой тул усан хөөргийг гацаах, эвдэх зэрэг хүндрэл үүсч байна. 03.09-ний өдрийн 03:00-04:00 цагийн хооронд ҮАБ-ын 1 аврагч 3 удаа шумбалт хийж дарагдсан байгаа эксковаторын бүхээгийн байршлыг илрүүлсэн. Усны гүн 1.5 м байна. Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, УУХҮЯ-ны 3 ажилтан, 1 автомашин, Ашигт малтмал газрын тосны газрын 3 алба хаагч, 1 автомашин, ҮАБ-ын 24 алба хаагч, 1 завь, Төв аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 12 алба хаагч, 1 автомашин, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 8 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 166 ажилтан, 14 техник, 7 ширхэг ус соруулах хөөрөг, нийт 221 хүн, 18 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР