С.Очирсумлаа: 101 дуудлага “Хаана” гэсэн ганцхан асуулт асуудаг

0

 

Б.Наранчимэг

“2012 онд юм уу даа. Наадмын өмнөхөн Туул голын эргээр завьт эргүүл хийж явсан юм. Намайг чөлөөт сэлэлт хийж байх үед нэг жаахан хүүхэд юу юугүй хөвөөд ирсэн. Туул гол үертэй байсныг хэлэх үү, өөдөсхөн амьтан усны эргүүлэгт орох гэж байхад нь амжиж очоод аварч байлаа. Тэр үед эцэг эх нь зугаалж явсан болохоор хүүхдээ усанд орсныг мэдээгүй юм билээ. Гурван настай хүүхэд байсан байх. Азаар надтай таарч ус уух хувь тохиосон юм” гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  26 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч С.Очирсумлаа ярьсан юм. Тэрээр шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Шударга журам” медаль гардаж, энгэрээ мялаажээ. Эрдэнэт хүмүүний амийг аврахад эгнэгт бэлхэн байдаг эгэл баатар С.Очирсумлаатай уншигч та бүхнийг уулзуулья.

-“Шударга журам” гэдэг эрхэм, нэр хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Би Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн. Аав минь Мөст сумын, ээж маань Буянт сумын харьяат хүмүүс байдаг. Би Ховд аймгийн төвд өсч, бойжсон. 2000 оны дунд үеэс эхлээд Онцгой байдлын албанд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Нийтдээ төрийн тусгай албанд хорь гаруй жил зүтгэж байна. Гэр бүлийн хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Эрдэнэт хүний амь нас, их хэмжээний эд хогшлыг авхаалж самбаа, эр зориг гарган аварсан хүнд энэхүү шагналыг олгодог. Энэ шагналыг хүртэх болсноо мэдээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Мэдээж, маш сайхан байсан. Төрсөн нутаг, ээж аав, хамт олон, найз нөхдөдөө баярласан. Энэ шагнал миний хувьд химич аврагч, усчин аврагч, эмнэлгийн зааварлагч, аврагч гал сөнөөгч гээд Онцгой байдлын гүйцэтгэх албанд хорин жил зүтгэсэн хөдөлмөрийг минь үнэлсэн явдал боллоо. Аврах ажиллагааг ганц хүн хийдэггүй. Бид үргэлж багаараа явдаг. Тийм болохоор хамт олны төлөөлөл болгож намайг шагнасан гэж бодож байгаа.

-Үхэл амьдралын зааг дээр ажиллаж байх үед айж сандрах, барьц алдах үе гардаг л байх?

-Галын дуудлаганд явахад өдөр бүр хүнд байдаг болохоор айж сандрах гэх мэт сэтгэл хөдлөл байхгүй болчихдог юм байна лээ. Ямар ч нөхцөл байдал дээр очих магадлалтай гэсэн сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй гарцгаана. Буцашгүй нэрвэгсдийг гаргах, амьд хүмүүсийг орон сууцнаас шилжүүлэх зэрэг нь өдөр тутмын ажил үүргийн нэг хэсэг болчихсон байдаг. Тийм болохоор “гавьяа байгуулчихлаа, мундаг зүйл хийчихлээ” гэж бодоод огшоод байх нь ч ховор.

-Онцгой байдлын албаны аврагч болох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний аав цэргийн байгууллагад ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан. Аав маань “Гал түймэртэй тэмцэх хэлтэс гэдэг газарт шалгалт авч байна гэнэ. Тийшээ очиж шалгуул” гэсэн. Шалгалт өгөөд сарын дараа тэнцсэн гэдэг хариу сонсож байлаа. Зургаан сар дагалдах ажилтнаар ажиллаад гал сөнөөгч болсон. Өөрийгөө “тэнэг” гэх нь хаашаа юм. Гэхдээ л анх аврах ажиллагаанд явахад айж цочиж нэг их сандраагүй. Техник технологитой ажиллаж мэдэхгүй, шинээсээ болж будилах тохиолдол байсан.

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Таны ажлын сайхан нь, хүнд хэцүү нь юу байдаг вэ?

– Ямар ч тохиолдолд цаг алдахгүй, бэлэн байдаг. Нэг л жишээ татахад, 103 дугаарт дуудлага өгөхөд “яасан, юу нь өвдсөн, хэдэн настай, хэн гэдэг хүн бэ?” гээд зөндөө асуулт тодруулдаг шүү дээ. Тэгвэл “101”, “105”-ын дуудлага “Хаана” гэдэг ганцхан асуулт асуудаг.  Энэ дуудлагыг хүлээн авагч авахтай зэрэгцээд аюулгүйн хонх зэрэг дарагдана. 20-30 секундын хугацаанд гал сөнөөгчид, аврагчид, жолооч нар машиндаа аль хэдийнэ суучихсан байдаг. Тийм болохоор энэ ажил, албаараа үргэлж бахархаж явдаг.

-Өндрөөс аврах ажиллагаанд хамгийн өндөртөө хэдэн давхарт үүрэг гүйцэтгэж байсан бэ?

– Өндрөөс аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг Тэрэлжийн хаданд 15 давхар барилгатай тэнцэх өндрөөс хийдэг. Есөн давхар хүртэл шаттай ажиллана. Хамгийн сүүлд 2016 оны зун найман давхарт айлын гэр шатаж байхад орж унтраасан. Гэхдээ наадмын үед гарсан болохоор дээд, доод давхрын айлууд нь хөдөө явчихсан, цоожтой байлаа. Орчлон хорооллын 12 давхраас доош олсоор бууж 9 давхрын айлын балконоор дамжин орж, галыг аюулгүй болгосон. Ер нь Онцгой байдлын аврагч гал сөнөөгчид бүгд усанд сэлж, шүхрээр бууж, гал унтрааж чаддаг универсал хүмүүс байдаг шүү.

-Аврах ажиллагааны үед техник, тоног төхөөрөмж дутагдсанаас эсвэл хэдхэн секунд хоцорсноос болж аварч чадаагүй харамсалтай түүх бий юу?

-Тийм зүйл санаанд орохгүй байна. Онцгой байдлын алба техник, тоног төхөөрөмжийн хангалтын хувьд 100 хувь сайжирсан байгаа. Японы техник болон Францын “Розенбауэр” зэрэг том том брэнд болсон машин тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. “Розенбауэр”-т монголчууд өөрсдөө захиалга өгч, зөвхөн монголын нөхцөлд зориулсан машиныг үйлдвэрлүүлж авч байгаа. Түрүүчээсээ арав гаруй машин орж ирчихээд байна.  

-Онцгой байдлын алба хаагчид галын техник спортоор хичээллэдэг шүү дээ. Таны хувьд энэ спортод ямар амжилт гаргаж байв?

– Галын техник спорт бол залуу хүний спорт. Тийм болохоор 2000-2005 он хүртэл дөрвөн төрөлт спортоор хичээллэж, бүсийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.

-Та бас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Тэр тухайгаа дурсаач?

– Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны  нэгдүгээр ээлжээр 2012-2013 онд есөн сар үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Суданы эхний гурван ээлжид үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид маш хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг. Миний хувьд тусгай томилгоот бүлгийн даргаар томилогдож, агаарт, газарт, усанд эргүүлийн цуваанд хамгаалагчаар ажилласан.

-“Шударга журам” медалийг хүртэх юм сан гэдэг юм уу, ийм медаль байдаг юм байна гэж хэзээ анх мэдэж байсан бэ?

-2006 онд анх мэдэж байсан. Тухайн үед Ховд аймагт үер усны аюул болж жижиг гэрт байсан хөгжлийн бэрхшээлтэй эмээг, хоёр хүүхэдтэй нь хамт манай аймгийн аврагч залуу аварч гаргасан байдаг. Тэгээд “Шударга журам” медалиар шагнагдсан юм. Тэр үед “бид хэрвээ сайн ажиллах юм бол ийм медаль авах боломжтой юм байна” гэж ойлгосон. Түүнээс хойш 2009 онд наадмын өмнөхөн үер болоход Үндэсний аврах бригадад мөр зэрэгцэн ажиллаж байсан арав гаруй залуус нэг дор “Шударга журам” медалиар шагнагдаж байлаа. Миний хувьд энэ шагналыг авна гэж бодож төсөөлж байгаагүй. Урьд өдөр нь нийслэлийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн мэргэжилтэн над руу залгаж, “Төрийн ордноос чам руу залгах байх. Шагнагдаж байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Миний ойлгосноор энэ медалийг иргэний үүргээ биелүүлээд шударгаар ажиллаж хөдөлмөрлөж яваа хэн ч хүртэх боломжтой. Ямар нэг гамшгийн аюул гарч байгааг мэдээд өөрөө ороод аварч чадахгүй ч цаг алдалгүй 101, 105 дугаар луу дуудлага өгөх жишээтэй. Энэ бол медаль авснаас илүү том шагнал шүү дээ.

Эх сурвалж: Ардчилал таймс