Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халх гол суманд бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруунаас 5-10 м/с, 18-19-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 21:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:08 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд 6х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 09:21 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 09:33 цагт очиж, 02 цаг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багт 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 14:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 14:16 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 16:42 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 17:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 17:52 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 5х12 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 21:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 21:36 цагт очиж, 30 минут ажиллаж  унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 01:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 01:20 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 2 дугаар хороонд 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 03:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 03:22 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хөлийн-Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ тус багийн харьяат малчин М /50 настай, эрэгтэй/ 01.12-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 01.13-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 12 хүн, 2 автомашинтай 01.14-ний өдрийн 10:00 цагт гэрээс хойд зүгт 11 км-т “Аманцагаан” гэдэг газар малчин А-гийнхаас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Голын мөс цөмөрсөн: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Жиймаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км-т/ Чандмань сумаас Ховд аймгийн чиглэлд тус сумын харьяат иргэн М-ийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ “Хар-Ус” нуураар зорчиж яваад нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч 2 автомашинтай  40 км замыг туулан 02:10 цагт очиж, 40 минут ажиллаж, автомашиныг татаж гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР