Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 13-наас хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө  32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Зараагийн түймэрт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 08:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 09.12 цагт очиж, 60 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:10 цагт очиж, тус сумын харьяат иргэн Г-гийн эзэмшлийн “Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 00:03 цаг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Шар дөрвөлж” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 16:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 16:29 цагт очиж, 01:29 цаг ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой багт акталсан сургуулийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 20:39 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Голын мөс цөмөрсөн: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Ганга элсний булан гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ иргэн М-ийн жолоодож явсан “Киа” загварын ачааны автомашин /4 зорчигчтой/ Хожуулын голоор зорчиж яваад голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 22:55 цагт очиж, 00:21 цаг ажиллан автомашиныг татаж гарган, иргэн М /29 настай, эрэгтэй/, иргэн Б /25 настай, эмэгтэй/, И /3 настай, эрэгтэй/, Х /2 настай, эрэгтэй/ нарыг Тосонцэнгэл сум дахь гэрт нь хүргэж өгсөн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР