Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 14-19 градус, цас багатай энгэр газар болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:49 цагт очиж, 3х5 метрийн хэмжээтэй граж, 4 метрийн хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 09:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 09:33 цагт очиж, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Д /3 настай, эрэгтэй/, Д / 1 нас, 4 сартай, эрэгтэй/ нар угаартаж, ухаан алдсан байсныг аварч, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 00:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 00:33 цагт очиж, 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг /Сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Юниверс” загварын хүн тээврийн автобус /45 зорчигчтой/ осолдсон тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 06:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн 15 ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 ажилтан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5 эмч, сувилагч, нийт 54 хүн, 13 автомашинтай ажиллаж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч иргэн Я /60 настай, эмэгтэй/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооллын оршин суугч, тухайн автомашины туслах жолооч Б /30 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Тухайн автобусанд зорчиж явсан 45 зорчигчийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн авчирч эмнэлгийн үйлчилгээнд хамруулсан. 01.08-ны өдрийн байдлаар биеийн байдал хэвийн 6 иргэн эмнэлгээс гаргаж, 2 иргэний биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн мөн өдрийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлийн 18:05 цагийн 275 дугаар галт тэргээр /аймгийн нэгдсэн эмнэлгийн 3 эмч, 3 сувилагч нар АТҮТ-ийн 2 ажилтан, ар гэрийн 7 хүн, нийт 15 хүн нэмэлт 2 вагонд хамт явж байна/ тээвэрлэж, Улаанбаатар хотод авчирч /08:45 цагт ирнэ/ байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2 алба хаагч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 их эмч, 1 сувилагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний 4 алба хаагч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай ажлын хэсэг биеийн байдал хүнд 2 иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, Улаанбаатар хотод тээвэрлэн авчрах зорилгоор Зэвсэг хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр 01.09-ний өдрийн 06:11 цагт тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд нислэг үйлдсэн. Нисдэг тэрэг 3 цаг орчим нисээд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 09:10 цагт хүрэлцэн очно гэж Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас мэдэгдсэн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлагыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 11:22 цагт очиход тус дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн О /44 настай, эрэгтэй/ далд уурхайн 90 градусын босоо ам цооногт агааргүйдэж, ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байсан. Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдэгдсэн.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР