Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймгийн нутгаар цас орж бага зэрэг шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 21-26 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос  5-10 м/с, хүйтэрч 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар, 5, 6-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

 2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 18:45 цагт  очиж 55 минут  ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 20:39 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 20:45 цагт очиж, мөн нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 21:07 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14.5 км зам туулан 21:18 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Морь бариа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ иргэн А-гийн эзэмшлийн “Элентра” загварын суудлын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 02:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Самбартай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Дундговь аймгийн Гурвансайхан сум-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Волво” загварын ачааны автомашин онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 12.02-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /41 настай, эрэгтэй/, Э /17 настай, эрэгтэй/ нарыг иргэд Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгт хүргэсэн, 12:30 цагт иргэн П /22 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:  

Хүчтэй салхи, шуурга: Ховд, Увс аймагт 12.01-ний өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд 3 айлын гэр,  Увс аймгийн Бөхмөрөн суманд 1 айлын гэр нурсан, 1 айлын 1600 орчим бог мал уруудаж алга болсон. Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 5 хүн, 1 автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1520 малыг олсон тухай  мэдээллийг  12.02-ны өдрийн 23:00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР