Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан аймгуудийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 13:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:46 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 18:48 цагт очиж, 5 ханатай гэр, эд хогшил, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 20:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 20:19 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Ачуут багийн хогийн жалга гэдэг газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 00:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 00:50 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 01:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 01:18 цагт очиж, 4×2 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 21:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулж 21:30 цагт очиход гал түймэр дэлгэрсэн байсан тул нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12,5 км замыг туулан 21:55 цагт очиж, 10х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 37 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харьяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ 10.27-ны өдрийн 14:00 цагт тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 30 алба хаагч, Цагдаагийн газрын 20 алба хаагч, орон нутгийн 70 иргэн, нийт 120 хүн, 34 техник хэрэгсэлтэйгээр 10.29-ний өдөр аймгийн төв болон “Естийн-Ам”, “Мандалтын дөрөлж” гэдэг газруудаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цэвэр усны шугамын худагт унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР