Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Увс аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 10:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 11:03 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 18:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 18:55 цагт очиж, 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны урд талын авто замын зорчих хэсэгт “Приус 30” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 22:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 23:08 цагт очиж, иргэн М-ийн эзэмшлийн 05-83 УБЗ улсын дугаартай  “Приус 30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Дээд-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 2,5 км-т/ тус сумын харьяат иргэн Б /64 настай, эрэгтэй/ 09.08-ны өдрийн 20 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 13 хүн, 2 автомашин, 2 завь, 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 09.12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ сумын гүүрнээс “Дүгэрээгийн хар хошуу” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:25 цагт түр зогсоон. 09.13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Өндрөөс аврах: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нийтийн орон сууцанд 5 давхар барилгын 4 дүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн  5 алба хаагч, 1 автомашинтай 1,2 км замыг туулан 13:03 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Ж /5 настай, эрэгтэй, гэртээ ганцаараа цоожлогдсон/ цонхны гадна талын тавцан дээр зогсож байсныг аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрны 3 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 22:21 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 22:37 цагт очиж, тус байрны 3 дугаар давхрын тагтан дээрээс иргэн Х /19 настай, эмэгтэй, согтуурсан байдалтай/ унах гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Дивизийн гарам” гэдэг газар “Приус 20” загварын суудлын автомашинтай иргэд “Хэрлэн” голд суусан байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 16:20 цагт очиход, Дундговь аймгаас Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан Дундговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/, иргэн Ц /35 настай, эмэгтэй/, М /6 сартай, эмэгтэй/ нар “Приус 20” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голд усанд суусан байсныг гаргаж, аюулгүй болгосон.

4.Зам, тээврийн осол:

Тээврийн хэрэгслийн ослын талаар: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт /сумын төвөөс урд зүгт 18 км-т/ дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 22:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу зорчиж явсан дизель түлш тээвэрлэгч Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Д-гийн эзэмшлийн “Хьюндай” загварын /22 тн дизель түлш тээвэрлэж явсан/ автомашин онхолдож, дизелийн түлш асгарч байсныг хамгаалалтанд авч, аюулгүй болгож Төв аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын хэсэг болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР