Э.Түмэн-Өлзий: Анхны дуудлаганд гарах тэр мөчид “баатар” болчихсон юм шиг л санагдаж байсан

0

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа  ДарханУул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч, ахлагч Э.Түмэн-Өлзийг урилаа. Тэрээр Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар аймгийн харцага цол хүртсэн юм. Ингээд түүнтэй хөөрөлдснөө хүргэе.

– Юуны өмнө аймгийн харцага цол хүртсэн танд баяр хүргэе? 

– Баярлалаа. Дархан-Уул аймгийнхаа баяр наадамд амжилттай сайхан барилдаж, харцага цол хүртлээ. Үндэснийхээ бөхийг дээдэлж, хүндэлж, өөрөө сонирхож хичээллэж байгаагийн минь амжилт гэж бодож, баярлаж байна даа.

– Анх хэзээнээс үндэсний бөхөөрөө хичээллэж эхлэв?

– Хүүхэд байхаасаа л сонирхож, үеийнхэнтэйгээ ноцолдож явсан. Одоогоос таван жилийн өмнөөс буюу 21 настай байхдаа хичээллэж эхэлсэн. Хожуу хичээллэж гэж боддог л юм.  “Дархан Хайрхан бөхийн дэвжээн”-д  харьяалагдан аймгийн арслан Б.Сүхбаатар багшийнхаа удирдлаганд бэлтгэл сургуулилтаа хийдэг. Бөхийн дэвжээнийхээ 10 жилийн ойгоор аймгийн харцага цол хүртсэндээ мөн бэлэгшээж байгаа шүү.

– Таны хувьд Онцгой байдлын байгууллагын алба хаагч. Энэ албатай хэрхэн холбогдсон талаараа хуучлаач?

– Энэ албанд орж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөөд жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Бусдын төлөө буян үйлддэг сайхан алба учраас өөрийн хүсэлтээр орж ажилласан. Үндэсний бөхийн дасгалжуулагч Б.Сүхбаатар  багш маань Онцгой байдлын байгууллага бол гэгээлэг сайхан алба. Хэцүү ажилтай ч гэгээлэг мөртэй гэж ярьдаг нь энэ албанд ороход их нөлөөлсөн. Өөрөө энэ албанд ажиллаж байсан гэдгээ үргэлж бахархан ярьдаг юм. Ажилд орохоосоо өмнө энэ л албаны хүн болохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлсэн болохоор ажилдаа үнэхээр дуртай, чин сэтгэлээсээ ажиллахыг хичээж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.

– Анхны дуудлага бүхэн сэтгэлд үлддэг гэж аврагчид ярьдаг л даа. Таны хувьд ч адилхан уу эсвэл…?

– Тэгэлгүй яахав. Гал сөнөөгч гэдэг албан тушаалд томилогдоод анхны дуудлаганд гарах тэр мөчид “баатар” болчихсон юм шиг санагдаж байсан шүү. /инээв/ Харин очоод их сандарсан. Гэхдээ хамт олныхоо хүчээр, тэднийхээ дэмээр олон зүйлийг сурч, дуудлаганаас дуудлагад туршлагажаад л явж байна. Манай аймгийн хувьд объектын гал түймрийн дуудлага ихэвчлэн ирдэг.

– Ингэхэд гал сөнөөгч мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

– Дүрэлзсэн галын өөдөөс сөрж, бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, галаа бүрэн унтрааж дуусах тэр мөч хамгийн сайхан. Тэр мөчид хамт олноороо, ажил мэргэжлээрээ хамгийн их бахархах сэтгэл төрдөг. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчид бол хариу нэхдэггүй ачтангууд юм. Мөн хүнийг хайрлах, хүндлэх, бусдад туслах  ухаанд сургаж, хүмүүжүүлдэг нь энэ албаны бас нэг онцлог.

– Ажлын онцлог, спортын хүний хувьд бие бялдрын хөгжлөөс илүүтэй сэтгэлзүйн бэлтгэл маш чухал санагддаг. Ер нь сэтгэлзүйн бэлтгэлээ хэр хангадаг вэ?

– Тийм шүү. Сэтгэлзүйгээ бэлдээгүй бол бусдыг аварна, амжилт гаргана гэдэг хүнд шүү дээ. Тиймээс өөрийгөө зоригжуулж, түүнийхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөж, амжилт, ажлаас урам зориг авахын зэрэгцээ  алдаагаа засаж сайжруулах, түүнээсээ суралцах тал дээр хүртэл сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэгтэй гэж ойлгож, сэтгэлзүйн бэлтгэлээ хангадаг.

– Бэлтгэл сургуулил таа хэр хийж байна. Цаг наргүй ажилтайгаа уралдаж л амжуулдаг байх?

– Ажлын онцлог маань өөрөө бас бэлтгэл болдог. Харин заалны бэлтгэлээ бол ажлаа тараад, зав чөлөөгөөрөө амжуулаад хийдэг. Өдөр болгон бэлтгэл сургуулилт хийж байж л амжилтанд хүрнэ, хүрсэн амжилтаа ахиулна. Баяр наадмын бэлтгэл сургуулилтыг хангахад ажлын хамт олон, удирдлагууд маань маш сайн дэмжсэн. Тиймдээ ч өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн гэж бодож байгаа.

– Таны хоббиг сонирхож болох уу?

– Бололгүй яахав. Ном унших тэр дундаа түүхийн ном зохиол унших дуртай. Хамгийн сүүлд “Чингисийн Алтан товч”-ийг уншиж дуусгасан. Ер нь аль болох бусдаас суралцахын төлөө, ажилдаа өөрийнхөө чадлаар сэтгэл гарган ажиллахын төлөө хичээдэг  нь намайг тодотгох зан чанар байх.

– Аврагч, тамирчин хүний ар талд гэр бүлийнхэн нь найдвартай туслагч, дэмжигч байдаг. Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

– Одоохондоо гэр бүлтэй болж амжаагүй л явна. Аав ээж маань Булган аймгийн Бүрэгхангай суманд малчин. Амралтаараа л очдог. Бусад үед бэлтгэл сургуулилт, ажил гээд  цаг зав  бараг гардаггүй.  Аав, ээж минь Онцгой байдлын албанд ажилд ороход маш их баярласан. Энэ сайхан албанд тууштай зүтгээрэй гэж захидаг даа. Гэр бүлийнхнээсээ ганцаараа дүрэмт хувцастай, тангараг өргөсөн цэргийн хүн учраас их дэмжиж, тусалдаг.

– Таны хүсч мөрөөдөж байгаа зүйл юу бол…?

– Хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Нэг амжилтанд хүрвэл түүнийгээ улам л ахиулахын төлөө хөдөлмөрлөдөг. Миний хувьд ч адилхан. Ажил мэргэжлийн хувьд ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн алба хаагч. Тиймээс албаныхаа нэр төрийг өндөрт өргөсөн шилдэг аврагч болохын төлөө ажиллаж байна. Мөн хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө итгэлийг алдалгүй бэлтгэл сургуулилтаа сайн хийж, спортын амжилтаа ахиулахыг зорьж, зүтгэж байгаа.

– Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд болоод спортод өндөр амжилт хүсье?

– Баярлалаа. Энэ дашрамд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд болон нийт хамт олондоо баярлаж, талархаж явдгаа илэрхийлмээр байна. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй үүрэгт ажлаа сайн биелүүлж, амжилтаа ахиулахын төлөө илүү их хичээх болно. Мөн Онцгойгоор овоглодог бүх хүмүүсийн минь мөр бүхэн гэгээлэг, өөдөө байхын ерөөлийг өргөе.

“Онцгой мэдээ” сонин