Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно, Уулархаг нутгаар нойтон цас орно.  Салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд жигнэмэгийн цехийн зуух шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 21:46 цагт очиж 10 цаг ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 13:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 0.3 км замыг туулан 13:25 цагт очиход 14х16 метрийн хэмжээтэй барилгын хана, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай очиж ажилласан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж гэдэг гэзар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ тус сумын харьяат иргэн Д /80 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 09.06-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад алга болсон тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, ар гэрийн 1 хүн, нийт 6 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул  01:20 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэхээр болсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ Ж /10 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.25-наас 07.09-ний өдрүүдэд, 07.21-нээс 07.23-ны өдрүүдэд, 07.31-нээс 08.03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 2018.09.04-ний өдрийн 17:30 цагт тус сумын Бугат сумын “Буга” багийн “Шар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “Ховд” голын эрэг дээр цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, ар гэрийнх нь 4 хүн, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цогцос таниулах ажиллагаа амжилтгүй болсон тул дээж авч ДНК-ийн шинжилгээнд оруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 09.05-ны өдөр хүргүүлсэн. Тухайн газар оронд эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгнө үү гэсэн ар гэрийнх нь хүсэлтийн дагуу 09.06-ны өдөр тус аймгийн Бугат сумын “Буга” багийн “Шар нуур” гэдэг газраас /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “Тавилттайн рашаан” гэдэг газар хүртэл нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:15 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны “Хар чулуутын гарам”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т/ Гуулин тосгоноос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Х-гийн эзэмшлийн “Ланд 200” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ “Завхан” голд суусан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 9 хүн, 2 автомашинтай ажиллаж,  иргэн Х /48 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай эрэгтэй/ Ө /11 настай эрэгтэй/ нарыг аварч аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР