Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с, 15-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн зүүн хагаст, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө хална.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 21:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 15:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:51 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3,3 км замыг туулан 18:14 цагт очиж, 07 минут ажиллаж унтраан, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикл, 21 морьтойгоор 08.10-ны өдөр “Улаан хад”, “Гого толгой”-н орчмоор 5 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:55 цагт түр зогсоон, 08.11-ний өдрийн 09:00 цагт  эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 2018.06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын усаар “Улиастай” гэдэг газраас 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 21:15 цагт түр зогсоосон. Осолдсон иргэний ар гэрээс гаргасан хүсэлтийн дагуу 08.10-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын “Аукей-Арал”-аас “Алимны хашаа” хүртэл 2 км урсаж, 4 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:40 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд  зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 11:50  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, сумын нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, ар гэрийн 9 хүн, нийт 21 хүн, 6 техник хэрэгсэл, 6 морьтойгоор “Хэцийн давааны-Ам”-аас “Устын булан” хүртэл 4 км урсаж, 2 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:55 цагт түр зогсоосон. 08.11-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР