Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Балж, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 32-37 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар өдөртөө халж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 17:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 17:50 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 18:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 18:20 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.10-ны өдрийн 00:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 7.5 км зам туулан 00:25 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /51 настай, эрэгтэй/ нурууны хэсгээр түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн  “Товог” уулын орчмоор 10 км тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн М /41 настай, эрэгтэй/ машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 13:23 цагт очиж, иргэн М /41 настай, эрэгтэй/ ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байсан, цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР